Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-16 18:06:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-д өчигдөр өргөн барьсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр байнгын хороо хэлэлцэж, дэмжлээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулах зорилгоор дээрх хуульд өөрчлөлт оруулахаар өргөн бариад байгаа юм. Тодруулбал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.

Харин УИХ-ын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 45 орчим хоног үлдээд байгаа. Гэтэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байгаа аж. Иймээс уг хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэн төсөл боловсруулсан юм.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол санаачилсан бөгөөд өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Харин өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
Ингээд хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцүүлэх болов. 
Н.Туяа
相关新闻