Эрдэнэт үйлдвэр 60 жил ажиллах бүрэн боломжтой гэж онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-16 15:22:39
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Төвийн бүсийн чуулган” Орхон аймагт болж байна. Уг чуулганыг “Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам”, “Ашигт малтмал, газрын тосны газар”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвийн дор зохион байгуулж байна.Чуулганы эхэнд "Эрдэнэт үйлдвэр" ХХК  2017 оны эхний дөрвөн сард хийж хэрэгжүүлсэн томоохон ажил болон төсөв санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээллээ.

Тухайлбал: “Эрдэнэт үйлдвэр”ХХК эхний улирлын байдлаар улсын төсөвт 190 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд ойрын 15 жилийн хөгжлийн чиг хандлага, үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрөө боловсруулж дуусчээ. Энэ талаар тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн танилцуулаад “Манай үйлдвэр цаашид 60  жил  ажиллах бүрэн  боломжтой” хэмээн онцолсон юм.

Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”ХХК-нийн цагаан тоосны дэгдэлттэй холбоотой олон асуудал үүсдэг. Энэ тал дээр яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар Уул уурхайн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатараас чуулганы үеэр тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, “Цагаан тоосны асуудлаар “Монголын уул уурхайн аж үйлдвэрийн мэргэшсэн зөвлөх инженерүүд”-ийн үндэсний холбоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д цагаан тоосны дэгдэлтийг багасгах талаар санал тавьсан. Тус холбоо өнгөрсөн жил хийсэн туршилтын дүнгээ танилцуулсаны үндсэн дээр  энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын аж ахуй дээр туршина. АНУ үйлдвэрлэдэг “охарикс” гэх бодисоор шүршиж, дээгүүр нь тусгай гадаргуу үүсгэх шинэ технологийг нэвтрүүлснээр тоосны дэгдэлт байхгүй болох ийм технологи хэрэгжүүлэхээр ярилцаж байна” гэлээ.
Чуулганы үеэр уул уурхайн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, аймаг орон нутагтай ойлголцох зэрэг гурван чиглэлийн салбар хуралдаан яг одоо үргэлжилж байна.  Чуулга уулзалтад төвийн бүсийн найман аймгийн удирдлагууд оролцож байна.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻