Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн саад байхгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-12 17:18:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэг саад, хүндрэлгүй болсон талаар МАХН-ын зүгээс мэдэгдлээ. 

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, хуульч Ц.Монгол нар энэ талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Ц.Оюунбаатар “Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэдгийг мэдэгдэж байна. Н.Энхбаяр даргыг улс төрийн шинж чанартай хилс хэрэгт холбогдуулж 2012 онд шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргаж, шийтгэл оногдуулсан. Н.Энхбаярт оногдуулсан үндсэн болон нэмэлт ялыг 2009 оны 9 дүгээр сард батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ялтай байдал байхгүй. Энэ асуудлаар зарим ойлголцлын зөрүү явж ирсэн. Ямар нэг ойлгомжгүй байдал, саад бэрхшээлээс үүдэж, хуулийг буруу хэрэглэн 2016 онд Цагдаагийн байгууллагаас ялтай гэсэн тодорхойлолт гаргаж, сонгуульд оролцуулаагүй. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хууль зүйн зөрчилтэй байсан. УДШ-ээс уг дүгнэлтийг хууль бус байсан гэдгийг тогтоосон" гэв.
Өршөөлийн тухай хуулиар Н.Энхбаярт холбогдох зүйл ангийг бүрэн хамруулсан бөгөөд 2013 онд гарсан ХЗДХ-ийн сайдын гаргасан журмаар "өршөөлд хамарсан бол ял шийтгэлгүй гэсэн лавлагаа гаргаж өгнө" гэж заасан учир ялтай байдлын хугацаа дуусгавар болсон гэж байлаа. 

МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж "МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Энхбаярын талаар буруу ташаа мэдээлэл их гарч байна. Н.Энхбаярыг гадаадад сууж байсан учир нэр дэвшихэд саад болно гэж саяхан эрх бүхий хүн ярилцлага өгсөн байсан. Н.Энхбаяр гадаадад байнга оршин суугаагүй, зөвхөн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд нотлох бүх баримт нь бий" гэлээ.

Хуульч Ц.Монгол “ЦЕГ-аас лавлагаа гаргаж өгөхдөө ялтай гэсэн утгатай байсан нь илтэд хууль зөрчсөн, хууль бус үйлдэл. Монгол Улсын Дээд шүүх, ХЗДХЯ-наас дээрх журмыг баримталж ялтай эсэх тодорхойлолтыг олго гэсэн эрх зүйн баримт бичгийг нь гаргачихсан байхад цагдаагийн нэг ажилтан тийм үйлдэл гаргасан нь хууль бус” гэв.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ-ноос гаргах бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулах юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻