Олимпын бэлгэдэл бүхий зоосны үнэ 100 дахин өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-12 14:27:06
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Олимпын бэлгэдэл бүхий нэг реалын бразил зоосны үнэ таван жилийн хугацаанд хамгийн багадаа 100 дахин өсчээ. Энэ тухай пүрэв гарагт Globo сонинд бичсэн байна. 

Энэ зоос нь Олимпын тоглолтын тугийг Рио-де-Жанейро хотод гардуулах ёслолд зориулан гаргасан зоос юм. Баяр ёслолын арга хэмжээ 2012 онд Лондонд болсон тэр үед энэхүү дурсгалын мөнгөн зоосыг эргэлтэнд оруулж байжээ.

Зоосны нүүрэн тал дээр Олимпын туг, цагираг, 2016 оны Олимпын сүлдийг дүрслээд улсын нэрийг бичсэн байдаг. Зоосны шармал металл цагираган хүрээн дээр нь португал хэлээр “Олимпын тугийг гардуулах ёслол”, “Лондон-2012-Рио-де-Жанейро” гэсэн хоёр бичээс бий.

Зоосны ар тал дээр нь одоо эргэлтэнд байгаа ердийн нэг реалтай адилхан бичээстэй бөгөөд 2 сая гаруй ширхэг ийм зоосыг худалдаанд гаргажээ. Рио-де-Жанейрогийн төвд ийм зоосыг 100 реалаар /32 доллар/ зарж байгаа бол интернетэд үүнээс илүү үнэтэй байдаг гэнэ. Зоос цуглуулагчид уг зоосыг 160 реалаар /50 доллар/ худалдаж авдаг байна.

“2012 онд энэ зоосыг хүмүүс төдийлөн тоодоггүй байсан. Хожим нь чухамдаа тугтай зоос нь цөөн тоогоор  нь үйлдвэрлэгдсэн тодорхой болсноор ховордож эхэлсэн” гэж тусгай дэлгүүрийн эзэн ярьжээ.

Зуны Олимпын 31 дүгээр тоглолт Рио-де-Жанейро-д 2016 оны 8 дугаар сарын 5-наас 21-ны хооронд болж өнгөрсөн юм. Олимпын тоглолт Өмнөд Америкт анх удаа болсон билээ.
О.Барс  

 

相关新闻