Оросын тэрбумтан салсан эхнэртээ 586 сая доллар өгнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН./BBC/. Лондонгийн дээд шүүхийн шийдвэрээр Оросын нэгэн тэрбумтан салсан эхнэртээ 453 сая фунт стерлингийг /586 сая доллар/ нөхөн төлбөр болгон өгөхөөр болжээ.
Энэ нь Их Британи улсад шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцалсантай холбоотойгоор төлж буй хамгийн их нөхөн төлбөр болжээ. Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхрийн нэрийг нь дурдаагүй боловч Оросын тэрбумтан 61 настай, газрын тос, байгалийн хийн наймаа эрхэлдэг кавказ гаралтай хүн бол эхнэр нь 41 настай, Зүүн Европт төрсөн нэгэн ажээ.
Эхнэр, нөхөр хоёр Москвад гэрлэсэн ба Их Британид шилжин ирээд Суррей мужид амьдрах болжээ.
Шүүгчийн мэдэгдсэнээр, салсан эхнэрт нь хамт амьдрах хугацаандаа хуримтлуулсан хөрөнгөний 41,5 хувь нь ногдож байгаа аж.
Шүүхийн тогтоолоор эхнэр, нөхөр хоёрын овог нэрийг мэдээлэхийг хориглосон байна. Салсан эхнэр нөхөр хоёрт Их Британид хугацаагүй оршин суух зөвшөөрөл олгосон ба тэд тус улсад нэлээд хэдэн жил амьдарч байгаа аж.
5 жилийн өмнө тэрбумтан эр Оросын компанийн хувьцаагаа 1,3 тэрбум доллароор зарсан гэдэг нь тодорхой болжээ. Тэрбээр хоёр хүүгийнхээ нэгэнд нь Лондонгийн баячуудын хороололд 29 сая фунтээр /37,5 сая доллар/, нөгөөд нь 7 сая фунтээр /9 сая доллар/ байр худалдан авч өгчээ.
Шүүх хуралдааны үеэр тэрбумтан эр хэлэхдээ, гэр бүлийнхээ хуримтлуулсан орлогод “онцгой хувь нэмэр” оруулсан, гэрлэхээсээ өмнө баян чинээлэг байсан гэдгээ нотолж байв.
Харин эхнэр нь үүнийг няцааж, бид хоёр хамтдаа 1 тэрбум гаруй фунт стерлинг хуримтлуулсан гэж баталж байжээ. Эцэст нь шүүгч "эхнэр нөхөр хоёр хоёулаа гэр бүлийнхээ орлогод ижил тэнцүү хувь нэмэр оруулж байсан" гэсэн дүгнэлт хийсэн гэнэ. Тэрбумтан эр шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэрийн уншиж сонсгох үед талуудын аль аль нь байгаагүй аж.
О.Барс