Засаг дарга орон нутгийн сэтгүүлчидтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-12 10:38:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар өнөөдөр өглөө орон нутгийнхаа сэтгүүлчдийг өглөөний цайнд урьж чөлөөт уулзалтыг зохион байгууллаа. 
Уг уулзалтаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг гурван телевиз, нэг студи, төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын орон нутаг дахь төлөөлөгч нар оролцсон юм. Энэ үеэр сэтгүүлчдийн өмнө тулгамдаж байдаг асуудлуудыг сонсож хэрхэн хамтарч ажиллах талаараа ярилцлаа. Орон нутагт мэргэжлийн сэтгүүлчид шаардлагатай байгаа, одоогийн ажиллаж байгаа сэтгүүлчид болон ахмад сэтгүүлчдийн нийгмийн асуудал, сэтгүүлчдийн оюуны бүтээлийн үнэлэмж муу байгаа зэрэг тулгамдсан зүйлээ  сэтгүүлчид хөндлөө. 
Тус аймагт сэтгүүлчдийн бүтээл бага үнэлэмжтэй байгааг анхаарч, чанартай бүтээлүүдийг дэмжиж ажиллахаа аймгийн удирдлагууд хэлсэн бөгөөд энэ жилдээ хоёр сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдэж өгөхөөр ажиллаж байгаагаа дурдсан юм. Мөн ахмад сэтгүүлчдэд тулгамдаж байгаа асуудлыг анхаарч үзэхээ илэрхийлж, тэднийг шагнал урамшилд хамруулах тал дээр санал оруулж ирэхийг МСНЭ-ийн тус аймаг дахь салбарын даргаас хүслээ. Мөн энэ үеэр Говийн долгион бүсийн радиогоор дамжуулахгүйгээр аймгийн ЗДТГ-ын ОНХАлба бэлэн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулах шугам ажшиглан шууд хүргэж байгааг сэтгүүлчид шүүмжлээд авсан. Удирдлгууд үүнийг тайлбарлахдаа тус радиотой хийсэн гэрээний гүйцэтгэл алдагдсан учир малчид иргэдийнхээ хүсэлтээр тэдэнд хэрэгцээт мэдээллийг өгөхөөр ийнхүү ажиллаж байгаа гэлээ. 
Тус аймагт орон нутагт хэрэгцээтэй мэрэгжлээр аймгийн Засаг дарга оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг бөгөөд сэтгүүлч мэргэжлээр орон нутагтаа ажиллах хүсэлтэй хоёроос гурван оюутныг уг хөтөлбөрт хамруулан мэргэжлийн сэтгүүлч бэлтгэх боломж байгааг аймгийн Засаг дарга хэлснээр уулзалт өндөрлөсөн юм.
Дашрамд дуулгахад МСНЭ-ийн  тус аймаг дахь салбар нь үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлдэг ажээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻