Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил сэргэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-11 15:13:46
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Аймгийн Статистикийн хэлтэс Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил сэргэж эхэлж байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлогод 25 тэрбум 100 сая төгрөг төвлөрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн байна. Ялангуяа хүн амын албан татвар энэ онд хоёр дахин, хөрөнгийн албан татвар 35 хувиар давж биелжээ. Харин төсвийн зарлага 20 тэрбум 600 сая төгрөг болсон бөгөөд үүний ихэнх нь боловсрол, соёл урлагийн салбарт зарцуулагджээ.
Он гарснаас хойш Орхон аймгийн төсвийн орлого, бараа бүтээгдэхүүний борлуулалт, барилга угсралт болон ахуй үйлчилгээ, нийгмийн даатгалын орлого нэмэгдсэн  эерэг өөрчлөлт их гарч байна гэж Статистикийн хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг хэллээ.  Мөн нас баралт, нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралт буурч байгаа нь эрүүл мэнд нийгмийн хөгжилд эерэг хандлага үзүүлж байгаа аж. Харин худалдааны салбарын бараа бүтээгдэхүүний үнэ болон ажлын байрны тоо буурч гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай болжээ.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻