Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-09 11:06:19
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэлээ. Энэ үеэр уран, таталбар бичгийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Энэ жилийн баярын гол онцлог нь Монгол бичгээр дагнан суралцаж, бүтээл туурвиж буй сонирхогчдын бүтээлийн үзэсгэлэнг гаргаснаараа онцлог байв. Үзэсгэлэнд багш, сурагчаас бүрдсэн 100 гаруй сонирхогч оролцжээ.
Жил бүр уламжлал болгон зохиодог энэ ажил бол бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахад багахан ч атугай хувь нэмрээ оруулж буй хэрэг гэж оролцогчид ярьж байлаа.
Тус аймагт сүүлийн 2 жил дараалан Монгол бичгийн төрлүүдээр сургалт явуулсан юм. Тийм учраас үндэсний бичиг үсгийн баяртай давхцуулан суралцагчдынхаа ур чадварын түвшин, сургалтын үр дүнгээ үзсэн ажил боллоо гэж Дорнод аймгийн Төв номын сангийн захирал Ж.Цагаан ярив. Аймгийн төв номын сангаас цаашид сонирхогчдынхоо бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр багагүй ажил хийхээр төлөвлөж байна.
Д.Дэлгэрмаа
相关新闻