Итали руу явж байсан 80 дүрвэгч живж амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-08 15:13:29
РОМ. /Anadolu/. Ливи улсаас Итали руу хүрэхээр явж байсан 80 орчим дүрвэгч замдаа буюу Газар Дундын тэнгист живж амиа алдсан тухай өнөөдөр өглөө АНСА мэдээллийн агентлаг мэдээллээ.
 
Амьд гарсан 40 хүнийг эргийн хамгаалалтын хөлөг онгоцны багийнхан аварч, Рагуза хотын Позало боомтод хүргэсэн байна. Хэдэн хоногийн өмнө Ливиэс хөдөлсөн уг усан онгоц даац хэтрүүлсний улмаас осолджээ. Рагуза хотын прокурор ослын хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын /IOM/ мэдээлснээр, он гарснаас хойш 3 дугаар сарын 19 хүртэлх хугацаанд 20 484 дүрвэгч далай тэнгисийг гатлан Европт ирснээс 80 гаруй хувь нь Италид ирж, бусад нь Испани, Грект үлдсэн байна.
 
Харьцуулахад, 2016 оны гарснаас хойших 79 хоногт 160 331 хүн Европт ирж байжээ. 2017 он гарснаас хойш 525 хүн амь үрэгдсэн нь 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад 553 хүнээс цөөн байгаа юм.    
 
Энэ онд Итали болон Хойд Африкийг холбодог усан зам дагуу наад зах нь 481 дүрвэгч живж нас барсан буюу сураггүй алга болсон байна. Өнгөрсөн оны мөн үед 159 хүн далай тэнгист сураггүй болсон юм.

Х.Сарнай 

 


相关新闻