Монголын үйлдвэрлэгчид 2 тэрбум төгрөгийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ“Монгол, Хятадын анхдугаар экспо" ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 23-27-ныг хүртэл үргэлжилж байна.
Монгол Улсын үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч 230 гаруй компанийн 350 гаруй төлөөлөгч энэ өдрүүдэд Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн ордонд эх орондоо үйлдвэрлэсэн өндөр чанартай бараа, бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Монголын үйлдвэрлэгчид 2 тэрбум төгрөгийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг энэ үеэр дэлгэлээ.
Үзэсгэлэнгийн танхим хөл гишгэх зайгүй байгаагаас үзвэл Монгол үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн маш их эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагдаж байв.Тухайлбал, Юнисол хиамны үйлдвэр гэхэд нэг тонн бүтээгдэхүүн борлуулахаар авч очсон ч эхний хоёр өдөр тал хувийг нь борлуулж дууссан гэж байлаа. Мөн сүү цагаан идээ үйлдвэрлэдэг зарим аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ эхний 2 өдөр борлуулж дуусаад нутаг буцсан.
ӨМӨЗО 250 сая хүн амтай том зах зээл учраас бараа бүтээгдэхүүнээ таниулж чадвал борлогдохгүй гэж санаа зовох явдалгүй. Худалдан авагчдын хувьд монголын бүтээгдэхүүн үнэхээр чанартай, ялангуяа цагаан идээ, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг хэзээд худалдан авахад бэлэн байдаг гэсэн юм.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголын уран дархчуудын өвөг дээдсээс уламжилж ирсэн давтагдашгүй хийц, орчин цагийн өвөрмөц шийдлүүдийг хослуулан урласан алт, мөнгөн аяга, эмээл, хэт хутга, ээмэг, бөгж зэрэг бүтээгдэхүүн хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байлаа.
Хөх хотын иргэд “Бид Монголын бүх төрлийн бүтээгдэхүүнд дуртай. Монголын бүтээгдэхүүн европын бүтээгдэхүүнийг бодвол чанартай шүү. Үнийн хувьд зарим бүтээгдэхүүн монголд зардаг үнээсээ арай илүү үнэтэй санагдлаа. Өнгөрсөн жил Монголоос бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байсан. Энэ жил төрөл зүйл, яс чанараараа улам сайжирсан байна” хэмээж байв.
Мөн худалдан авагчид зарим нэг зүйлд санаачилга хэрэгтэйг хэлж байв. Тухайлбал, бараа бүтээгдэхүүний тайлбар нь монгол, англи хэлээр учир мэдээлэл авах, худалдан авахад хүндрэлтэй байна, мэдээлэл нь хятад тайлбартай байвал бараа бүтээгдэхүүний борлуулалт илүү сайжирна, хэрвээ хятад тайлбартай байх юм бол зарим бараа бүтээгдэхүүний дэлгүүр нээж ажиллуулахыг зөвшөөрнө гэдгийг Хятадын талаас онцолж байсан юм. Тухайлбал, Хаан хүнс сүлжээ компанийн бүтээгдэхүүн хятад тайлбартай учраас харсан хүн шууд худалдан авах боломжтойгоороо давуу талтай байлаа.
Бараа бүтээгдэхүүн үнэхээр чанарын стандартад нийцэж байвал Монголын зарим бүтээгдэхүүний дэлгүүр нээхэд Хятадын Засгийн газраас дэмжихэд бэлэн байгаа аж.
ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Гоу Ган хэлэхдээ, “Хятадын Засгийн газар Монголын брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийг Хөх хотод нээхэд бэлэн байна. Хоёр улсын хамтын ажиллагааны дагуу тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж болно” гэв.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчид худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах томоохон төслүүдээ урагшлуулах нь ард иргэдийн амьдрал, эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн хөгжилд томоохон хөшүүрэг болж чадна гэдэгт санал нэгдэж байв.
Энэ үзэсгэлэн худалдаа Монголын үйлдвэрлэгчдэд томоохон боломжийг ийнхүү нээж байна. Хэрвээ төрөөс бодлогоор дэмжвэл манай өмнөд хөрш аж үйлдвэр хөгжсөн арвин туршлагаасаа хуваалцан манай орныг үйлдвэржсэн орон болгоход хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлээд хамгийн гол нь хоёр тал харилцан ашиг хүртэх учиртайг хятадын талаас онцолсон юм.
Энэхүү үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөнө.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ