Хуулийн салбарынхан нээлттэй өдөрлөгөөр иргэдэд зөвлөгөө өгч ажиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-08 09:40:20
ХОВД/МОНЦАМЭ/“Хууль зүйн салбар нь  2017 оныг  Иргэдэд  ойртсон  эрх  зүйн  үйлчилгээний  жил” болгон  зарлаж олон  ажлуудыг  өрнүүлж  байгаа юм. Ховд  аймгийн Засаг даргын захирамжийн  дагуу  Гэмт  хэргээс  урьдчилан сэргийлэх, хууль сурталчилах  зорилготой  Хууль хяналтын  байгууллагуудын хамтарсан  “Нээлттэй хаалганы өдөрлөг”   Ард  Аюушийн  талбайд  болж  Иргэд   хөдөлмөрчдөд   хууль  эрх  зүйн  хүрээнд   хурдан  шуурхай  үйлчилгээ  үзүүлэн, зөвлөгөө өгч  ажиллаа.  
Уг  нээлттэй  хаалганы  өдөрлөгт   Ховд  аймгийн  Прокурорын газар, Цагдаагийн газар, аймгийн Засаг даргын дэргэдэх  хэрэгжүүлэгч  агентлаг  Шүүхийн  шинжилгээний алба,  ЗДТГ-ын  Хууль  эрх  зүйн хэлтэс, Архивын тасаг,   аймгийн  Улсын бүртгэлийн хэлтэс,  Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,  Монгол Улсын  Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг  Гадаадын иргэн, Харъяатын баруун  бүс  дэх  газар бүхий  8 байгууллага  оролцож  үйл ажиллагаагаа  сурталчилан  иргэдэд  газар дээр нь үйлчилгээ үзүүлсэн юм.
Хууль  хяналтын байгууллагуудын  хамтарсан  “Нээлттэй  хаалганы өдөрлөг”-ийн  нээлтэнд  аймгийн  ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Хууль эрх зүйн хэлтсийн дарга  Ж.Мөнхбат   болон  өдөрлөг  зохион байгуулж буй хүчний байгууллагуудын удирдах ажилтангууд оролцож Иргэдэд газар дээр нь үзүүлэх үйлчилгээний талаар  товч мэдээлэл хийлээ.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн  үеэр  ЗДТГ-ын  Хууль  эрх  зүйн хэлтсийн  Архивын тасгийн  Улсын Өмгөөлөгч  Иргэдийн  тулгамдсан  асуудлыг  сонсож, хуулийн зөвлөгөө өглөө. Мөн  Прокурор газраас  иргэдийн  дунд  “АХА” танин мэдэхүйн  тэмцээнийг  зохион байгуулаа.
Харин  аймгийн  Алтан гадас  одонт  Цагдаагийн газрын  Эрүүгийн,  Нийтийн хэв журам хамгаалах,  Хэрэг  бүртгэх,  мөрдөн байцаах,  Олон нийтийн аюулгүй байдлыг  хангах  тасгууд  нь  үйл ажиллагаа, машин техник,  хамгаалалтын  тусгай  багаж  хэрэгсэлээ  дэлгэн  харуулж,  тодорхой мэдээлэл хүргэсэн бол  Замын Цагдаагийн  Тасаг нь  тээврийн хэрэгсэл жолоодож  яваад  эрхээ хасуулсан ,  хугацаа нь дууссан иргэдийн  эрхийг  сэргээх  шалгалтыг  газар дээр нь авч,  тээврийн хэрэгсэл  жолоодох  эрхийг нь сэргээх  ажлыг  хийлээ.
Тус  нээлттэй хаалганы  өдөрлөгт  оролцсон  иргэд  нь  Гэмт  хэргийн  тухай хууль,  урьдчилан сэргийлэх арга  хэмжээ,  Гэр бүлийн  хүчирхийлэл,  согтууруулах  ундаа  хэрэглэх,  худалдах  журам,  Монгол Улсын харъяат болох,  иргэний  харъяаллаа  сэргээн  тогтоолгох  хүсэлт  гаргах  заавар,  тамхины хяналтын  хууль  зэрэг  томоохон  хууль  журмын   талаар  мэдээллийг   нэг  мөчид,  олон  арга хэлбэрээр  хүлээн авч,  санал хүсэлтээ  илэрхийлсэн юм.  Хууль  хяналтын байгууллагуудын  үйлчилгээ  иргэдэд  шууд  хүрч, иргэдийн  санал хүсэлтийг  хүлээн авсан нь уг  арга хэмжээний онцлох үр дүн боллоо.
                                                                                                                                  А.Бямбасүрэн
相关新闻