Малид болсон халдлагад өртөн НҮБ-ын энхийг сахиулагч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-05 10:45:42
БАМАКО./Anadolu/. Мали улсын хойд нутаг дахь нэгэн цэргийн хуаран руу миномётоор гал нээсний улмаас НҮБ-ын энхийг сахиулагч болох Либерийн нэг цэрэг амь үрэгдэж, 9 хүн шархадсан тухай тус улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд “лхагва гарагт Гринвичийн цагаар 13:15 цагт Тимбукту дахь НҮБ-ын "MINUSMA" ажиллагааны цэргийн хуаран миномёт болон пуужингийн довтолгоонд өртсөн бөгөөд урьдчилсан мэдээгээр, зургаан мина тэнд унасан байна. Үүний уршгаар Либерийн цэнхэр дуулгатан нэг цэрэг амь үрэгдэж, 9 хүн шархадлаа” гэжээ. 

Шархадсан хүмүүсийг Малийн нийслэл Бамако хотод нэн даруй хүргэсэн байна.

Франц, Мали болон НҮБ-ын энхийг сахиулагчдын терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулж буй Мали улсын хойд нутагт хэд хэдэн террорист бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.  

2012 онд туарег омгийнхны бослого болон цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа Малид нөхцөл байдал  эрс хурцдаж,  Аль-Каида бүлэглэлтэй холбоотой зэвсэгт бүлэглэлүүд тус улсын хойд нутгийг эзлэн авсан билээ.

2015 онд засгийн газар болон босогчдын хооронд энхийн хэлэлцээр байгуулсан байна. Улс төрийн маргаан тэмцэл нь хойд Малид байдлыг улам хурцатгаж,  уг хэлэлцээрийн хэрэгжилтэд саад болсоор байгаа юм.

НҮБ-ын "MINUSMA" ажиллагаа нь Мали улсад 2013 оны 7 дугаар сард эхэлжээ.
Х.Сарнай

 


 
 

相关新闻