Сомалийн сайдыг Могадишу хотод буудан хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОГАДИШУ. /VOA/. Олон нийтийн ажил, бүтээн босголтын сайдыг хөнөөсөн хэргийг шалгаж байна гэж Сомали улсын засгийн газар мэдэгдлээ. Лхагва гарагт түүнийг засгийн газрын өөр нэгэн өндөр албан тушаалтны бие хамгаалагчид буудан хөнөөсөн юм.
Мэдээллийн сайд Абдирахман Омар Османы мэдэгдсэнээр, 31 настай Аббас Абдуллахи Шейх Сиражийг Ерөнхийлөгчийн ордны дэргэд буудан хороосон хэрэг гарчээ.
Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар, сайд Сиражи руу Ерөнхий аудитор Нур Фарахын сууж явсан машин дотроос гар буугаар буудсан байна. Харин Фарахын ярьж байгаагаар, түүний бие хамгаалагчид тэдний ард амиа золиослогч этгээдийнх байж болзошгүй сэжигтэй автомашиныг илрүүлсэн ба бие хамгаалагчид буудаж эхлэх үед машинууд Ерөнхийлөгчийн ордноос ойролцоогоор 500 м-ийн зайд явж байсан аж.
Этиоп улсын Аддис-Абеба хотод байсан Сомалийн Ерөнхийлөгч Мухаммед Абдуллахи Фармажо өөрийн твиттер хуудсандаа "Сайд Абасс амиа алдсанд маш их харамсч байна, тэрбээр залуу, хөдөлмөрч, эх оронч хүн байсан" гэж бичжээ.
Аббас Сираж бол 3 дугаар сард байгуулагдсан Ерөнхий сайд Хассан Али Хайрэгийн танхим дахь хамгийн залуу сайд байсан юм. Тэрбээр хүүхэд насаа өнгөрөөсөн Кенийн Дабааб дүрвэгсдийн хуарангаас өнгөрсөн онд буцаж ирсэн Сомалийн дүрвэгсдийн нэг байлаа. 1991 онд Сомали улс задран унасны дараа түүний гэр бүл уг хуаранд дүрвэн ирсэн ажээ.
Х.Сарнай