Өнөө шөнөдөө салхи, шороон шуурга үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-03 15:31:42
Дундговь/МОНЦАМЭ/ Өнөөдөр Дундговь аймгийн ихэнх сумын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна. 15 цагийн байдлаар нутгийн баруун хэсэг буюу Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус сум, зүүн талдаа Гурвансайхан, Дэрэн, Өндөршил, урд талдаа Өлзийт сумын нутаг болон Мандалговь хот орчмоор шороо шуурч байна. Салхи секундэд16- 18 метр, зарим үед 24 метр хүрч, агаарын температур сэрүүссэн байгааг  аймгийн УЦУОШ- ний газраас мэдээллээ.
Яг одоогийн байдлаар Дэлгэрхангай, Хулд, Өлзийт сумын нутгаар шороон шуурганы улмаас үзэгдэх орчин 1000 метрээс дотогш орж ирсэн байна. Өнөө оройны 21 цаг орчмоос баруун талаасаа салхины хүч бага зэрэг саарах төлөвтэй байгаа ч шөнөдөө Дундговь аймгийн төвийн болон зүүн сумдын нутгаар салхи, шороон шуурга үргэлжлэхээр байгааг хэллээ.
Салхи шороон шуурганы сэрэмжлүүлэг мэдээг өчигдрөөс эхлэн малчид, иргэдэд хүргэж эхэлсэн бөгөөд өнөөдөр цаг уурын инженерүүд Сайнцагаан сумын төвд байршдаг Аюулаас сэрэмжлэх цогцолборын FM радиогоор 3 цаг тутамд цаг агаарын мэдээ дамжуулан ажиллаж байна.
 
Т. Отгонтуяа
相关新闻