Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-03 15:27:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын 2015 оны 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 5 бүлгийн хүрээнд 22 зорилт, нийт 158 бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үндсэн чиглэлд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод суурилсан 29, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 119, бусад бодлогын баримт бичгээс 10 арга хэмжээ тусгажээ. Үүнээс 55 нь бүрэн хэрэгжсэн. 72 нь хэрэгжилтийн шатандаа яваа бол 31 нь хэрэгжээгүй байна. 2016 оны эцсийн байдлаар тооцож дүгнэхэд 61.2 хувийн хэрэгжилттэй гарсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Ж.Батзандан гишүүн, “Жил бүр үндсэн чиглэлийг хэрэгжилтийг хэлэлцдэг. Гэхдээ сонгуулийн жилд улс төрийн нөлөөллөөс үүдэн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс 2016 сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн тухайгаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах хэрэгтэй” гэсэн санал хэллээ. Ийнхүү 2016 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг хэлэлцсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Ч.Ариунболд
相关新闻