Цөлийг усжуулахын тулд мөсөн уулыг АНЭУ-ын эрэгт чирч авчирна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЭЛЬ-КУВЕЙТ./TASS/. Арабын Нэгдсэн Эмирт улс /АНЭУ/ Өмнөд туйлын мөсөн хуягаас эмтрэн тасарсан мөсөн уулыг элсэн цөлөө усжуулах, жуулчдыг татах зорилгоор өөрийн улсын эрэг рүү чирч авчрахаар төлөвлөж байгаагаа зарлажээ. “Arabian Bisness” цахим хуудсанд бичсэнээр, энэхүү өвөрмөц санааг Эмирт улсын “National Advisory Bureua Limited” зөвлөх компанийн ажилтнууд сэджээ.
Өмнөд туйлын мөсөн уул нь тус бүс нутгийн хувьд цэвэр усны шинэ нөөц болно гэж тэд найдаж байгаа аж.
Тус компанийн үзэж байгаагаар, мөсөн уулсыг тус улсын эрэг рүү усаар зөвхөн тээвэрлэн авчрахад л бүс нутгийн уур амьсгалд ихээхэн өөрчлөлт орох юм. Учир нь мөсөн уулс нь орчин тойрныхоо агаарыг хөргөдөг байна. Үүний дүнд бүс нутгийн улс орнуудын нутаг дэвсгэрт бороо хавьгүй их хэмжээгээр орно гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.
“АНЭУ-ын мөсөн уул” төсөл бол тус улсын нутаг дэвсгэрт орших элсэн цөлийг өөрчлөн хувиргах үндэсний хөтөлбөрийн нэг хэсэг юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цөлийн элсний оронд цэцэрлэгт хүрээлэн, гол хүртэл бий болно гэж төсөөлж байгаа аж. Үүний тулд Аравийн тэнгист цутгадаг Пакистаны голуудын урсгалд ган хоолой суулгах ба улмаар тэнгисийн ёроолоор тавьсан дамжуулах хоолойгоор усыг АНЭУ-д хүргэх ажээ.
“National Advisory Bureua Limited” компанийн сэдсэн мөсөн уулыг авчрах энэ санаа жуулчдын урсгалыг татах нэгэн боломж юм.
Мөсөн уулсыг чирч авчрах явцад хайлснаар Аравийн тэнгис цэвэр усаар сэлбэгдэх ба ингэснээр уг тэнгисийн давслаг чанар нь буурч, экологийн тэнцвэр болон биологийн олон төрөл зүйлүүд сэргэнэ. Одоогийн байдлаар экологийн тэнцвэр ихээхэн алдагдсан байна. Тэнгисийн эрэгт үйл ажиллагаа явуулдаг ус цэвэршүүлэх төхөөрөмжүүд нь давсны агууламж ихтэй усыг тэнгис рүү буцаан урсгадаг аж.
Өмнөд туйлын мөсөн гадаргуу нь ойролцоогоор 30 сая шоо километр хөлдүү усыг өөртөө агуулдаг байна. Дундаж хэмжээтэй мөсөн уул ойролцоогоор 76 тэрбум литр цэвэр усыг өөртөө агуулдаг аж.
О.Барс