Японы далайн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-30 16:43:41

ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 30 /Reuters/. Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цэвэрлэсэн усыг далайд асгах шийдвэртэй холбогдуулан Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхийг хоёр жилийн турш хориглоод буй Хятад улс импортыг сэргээхийг зөвшөөрсөн тухай Токиогийн албаны хүмүүс өнөөдөр мэдэгджээ.   


Бээжин хотноо лхагва гарагт болсон уулзалтын үеэр хоёр тал тохиролцоонд хүрсэн гэж Японы Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Хятад улс шаардлагатай процедур”-ыг дуусгасны дараа далайн бүтээгдэхүүнүүдийг импортолж  эхлэх ажээ. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.


Хятадын тал уснаас дээж авах Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ажиллагаанд оролцсоныхоо дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Nikkei сонинд мэдээлснээр, далайн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг Хятадын холбогдох байгууллагуудад бүртгүүлэхийг хэлэлцээрт тусгасан байна.


Мөн далайн гаралтай бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхээр заасан бөгөөд цези-137 зэрэг цацраг идэвхт бодис агуулаагүй болохыг баталгаажуулсан байх ёстой. Түүнчлэн Хятад улс Фүкүшима мужаас бусад бүс нутгаас хийх нийлүүлэлтийг сэргээх тухайгаа удахгүй албан ёсоор мэдэгдэж магадгүй гэдгийг Nikkei дурджээ.

 



相关新闻