НҮБ: Дулаарлыг тогтоон барьж чадахгүй байх магадлалтай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 28 /DW/. Манай гараг дэлхийн 2025-2029 оны хугацаан дахь дулаарлын дундаж хэмжээ Цельсийн 1.5 хэмээс давах магадлал 70 хувьтай байна гэж НҮБ мэдэгджээ. Ингэснээр урьд хожид үзэгдээгүйгээр дулаарах үйл явц үргэлжлэх төлөвтэй байна.
НҮБ-ын дэргэдэх Дэлхийн цаг уурын байгууллагаас /ДЦУБ/ танилцуулсан тайланд дурдсанаар, 2023, 2024 онд түүхэн дэх
хамгийн халуун жилүүд тохиосны дараа дээр дурдсан үзүүлэлтүүд бүртгэгдэх ажээ.
ДЦУБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын орлогч Ко Барретт хэлэхдээ, сүүлийн 10 жил бол түүхэн дэх
хамгийн дулаан он жилүүд байсан бөгөөд цаашдаа эл байдал үргэлжлэх
төлөвтэй байна гэлээ. Улмаар эдийн засаг, өдөр тутмын амьдрал, экологийн тогтолцоо болон
манай гарагт үзүүлэх сөрөг нөлөөллүүд нэмэгдэнэ гэдгийг тэрбээр сэрэмжлүүлжээ.
Дэлхийн дулаарлыг
аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 2 хэмээс доогуур байлгах зорилгоор 2015
онд байгуулсан Парисын хэлэлцээрийн дагуу 1.5 хэмд барих зорилтыг дэвшүүлсэн
юм. Үүнийг уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлдөг хүлэмжийн хий болох
нүүрстөрөгчийн давхар ислийг /CO2/ ялгаруулдаг нүүрс, газрын тос, байгалийн
хийг үйлдвэрлэлийн хэрэгцээнд шатааж эхлэхээс өмнөх 1850-1900 оны
дундаж үзүүлэлттэй уялдуулан тооцсон билээ.
Харин өдгөө CO2-ын
ялгарлын түвшин нэмэгдсээр байгаа тул 1.5 хэмийн зорилтыг биелүүлэх боломжгүй болж
байна гэж үзэж буй уур амьсгал судлаачид улам олон болж байна. ДЦУБ-ын тооцоогоор,
2025-2029 оны хооронд дэлхийн гадаргын дундаж хэм аж үйлдвэржилтийн
өмнөх үеийн дундаж температураас 1.2-1.9 хэмээр илүү байх төлөвтэй байна.