Энэтхэг улс бүх тээврийн хэрэгслээ цахилгаан машинаар солино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-02 15:59:09
ШИНЭ ДЕЛИ./Sputnik/. Энэтхэг улс бүх тээврийн хэрэгслээ 2030 он гэхэд цахилгаан автомашинаар солих төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж байгаа тухай тус улсын Эрчим хүчний сайд Пиюш Гойял мэдэгдлээ.

Даваа гарагт болсон Энэтхэгийн өөрчлөлт шинэчлэлтийн үндэсний хүрээлэнгийн хурлын үеэр сайд П.Гойял үг хэлэхдээ “Энэтхэгт байгаа бензинээр ажилладаг бүх тээврийн хэрэгслийг цахилгаан машин болгох зорилтыг Засгийн газар тавьсан” гэв.

Импортын түлшний болон тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлыг бууруулах үүднээс дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж байгаа аж.

Сайд П.Гойял “энэ санаа 2030 он гэхэд бүрэн хэрэгжиж, бодит зүйл болно. Тэр үед Энэтхэгт бензин болон дизель түлшээр ажилладаг нэг ч тээврийн хэрэгслийг худалдахгүй” гэлээ.

Олон улсын моторт тээврийн хэрэгслийн байгууллагын мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар Энэтхэг улсад 28.6 сая автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.

Эдгээрийг цахилгаан автомашинаар солихын тулд дэд бүтцийг өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг сайд онцлон дурдаад “тээврийн хэрэгслээс ялгарах утааны хэмжээ ямагт өндөр байдаг худалдаа, бизнесийн дүүргүүдийн дэд бүтцийг өргөжүүлж, шинэчлэхэд Засгийн газар юуны түрүүнд хөрөнгө оруулалт хийх болно” гэж хэлэв.

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг юм. Тус хотын агаар нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон агаарын бохирдлын байж болох хязгаараас 13 дахин илүү бохир байгаа аж.

Мөн тус улсад агаарын бохирдлын улмаас жилд 2.3 сая хүн амиа алддаг байна.
Г.Доржханд

 

相关新闻