Бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-01 15:11:20
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, их эмч А.Сүхбаатар агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах бүх нийтийн гүйлтийн тэмцээн 04 дүгээр сарын 29-ны Бямба гарагт зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 130, эмэгтэй 68 тамирчин оролцсон юм. Анх удаа зохион байгуулагдсан кросс гүйлтийн тэмцээн маш өндөр зохион байгуулалттай болсныг оролцогчид онцолж байна.
Аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/-аас бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, үүнд иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг нь энэхүү бүх нийтийн гүйлтийн тэмцээн юм. Гүйлтэнд оролцогчдод дугаар олгох, гүйлтийн талбайг чимэглэж тэмдэгжүүлэх, төв замуудыг авто машинаас чөлөөлөх гээд зохион байгуулагчдын зүгээс маш их анхаарч ажиллажээ. Зөвхөн гүйлтийн үеэр гэхэд 21 шүүгч ажилласан байна.
“Кросс гүйлтийн тэмцээн анх удаа болсон гэхэд маш том тэмцээн боллоо. Оролцогчид сэтгэл хангалуун байсан. Оролцогч тамирчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд Замын цагдаагийн тасаг, Зэвсэгт хүчний 338 дугаар ангиудыг дайчилсан. Ингэсний үр дүнд тэмцээний үеэр ямар нэгэн бэртэл гэмтэл, зөрчил гэх зүйл гарсангүй. Ер нь манай иргэд бямба гараг бүрийн өглөөний 07 цагт төв талбай дээрээ цуглан, хамтдаа гүйж, дасгал хөдөлгөөн хийж хэвшсэн учир тэмцээний идэвх оролцоо сайн байлаа. Бид энэхүү тэмцээнээ уламжлал болгон зохион байгуулна. Цаашид  шүүгчдийн тоог илүү нэмэгдүүлэх шаардлагатай юм байна...” хэмээн аймгийн БТСГ-ын Нийтийн биеийн тамир, спорт хариуцсан мэргэжилтэн Ш. Энх-Амар хэллээ.
Тэмцээн таван насны ангиллаар болсон бөгөөд 15-18 насныхан 3,3 км, 19-29 нас 10 км, 30-39 нас 3,3 км, 40-49 нас 2,3 км, 50 ба түүнээс дээш насныхан 2 км-ын зайд гүйжээ. Багийн дүнгээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон тэргүүлж, анхны шилжин явах цомын эзэд болжээ.
Кросс гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахад их эмч А.Сүхбаатарын гэр бүл, үр хүүхдүүд нэг сая төгрөгөөр ивээн тэтэгэсэн юм.
Т. Одончимэг 
相关新闻