"National Geographic" суваг А.Эйнштейний тухай цуврал кино бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-05-01 15:09:59

МОСКВА./TASS/. "National Geographic" телевиз Альберт Эйнштейний залуу наснаас эхлэн амьдралынх нь замналын тухай өгүүлсэн “Суут ухаантан” гэдэг цуврал киног бүтээжээ. Ням гарагт уг киног Орос улсад  дэлгэцнээ гаргаж эхлэх юм. 

10 ангитай уг цуврал киног Уолтер Айзексоны “Эйнштейн: түүний амьдрал, түүний ертөнц” номноос сэдэвлэн бүтээжээ. Киноны үйл явдал залуу Эйнштейн Германд сурч байснаа сургуулиа хаян Швейцарийн их сургуульд элсэн орж, онолын физик үзэж байгаагаар эхэлнэ.

Үйл явдал дэлхийн хоёр ч дайнаас улбаатай түгшүүрт цаг үед өрнөх ба А.Эйнштейн амь насанд нь аюултай байсан хэдий ч хүмүүнлэгийн үзэл санаагаа хамгаалан тэмцэнэ. Киноны явцад “эрдэмтний сэтгэл санааны зөрчилтэй төлөв байдал, ойр дотны хүмүүсдээ, тухайлбал хүүхдүүд, хоёр эхнэр болон хайр сэтгэлийн холбоотой байсан эмэгтэйчүүдэд хайхрамжгүй ханддаг байсан” зэрэг нь тодорхой болно.

Цуврал киноны зураг авалт Эйнштейний амьдарч, багшилж байсан Чех улсад явагджээ. Мөн тус кинонд Мари болон Пьер Кюри нар, Вильгелм Рентген, Карл Юнг, Вернер Гейзенберг зэрэг нэрт эрдэмтдийн дүрүүд гардаг. Киног 45 хэлээр орчуулсан ба 171 орны дэлгэцэнд гарах юм.

Альберт Эйнштейний дүрд Жеффри Раш тоглосон бол түүнтэй хамт Жонни Флинн /залуу Эйнштейний дүрд/, Эмили Уотсон /эрдэмтний хоёрдахь эхнэр дүрд/ нар дүрүүд бүтээжээ.
О.Барс 

 


相关新闻