Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-01 13:39:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын уулзалт  өнгөрсөн сарын 29-30-нд Төрийн ордонд болсон.

Үүнтэй холбогдуулж Ардын Их Хурлын депутат асан Д.Ламжаваар ахлуулсан Зөвлөлдөх зөвлөл, УИХ-ын гишуун Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсгийнхний зүгээс өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэр манай улсад анх удаа зохион байгуулсан эл арга хэмжээ тун амжилттай болж өндөрлөснийг тэмдэглэв.

Тус санал асуулгын эхний шатанд 1750 иргэн санамсаргүй түүврээр сонгогдсон бол өчигдөр болсон хоёр дахь шатны арга хэмжээнд 750 иргэн оролцож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 6 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, судлаачдаас тайлбар авсан.
Тодруулбал, “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Улс төрөөс хараат  бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх-асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцлийг хангах” гэсэн сэдвийн хүрээнд санал асуулгад оролцогчид 49 хэсэгт хуваагдан хэсгийн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүний дараа дээрх сэдвээрээ нэгдсэн хуралдаан зохион байгуулсан. Санал асуулгын төгсгөлд дээрх 750 орчим төлөөлөгч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгын хуудсыг бөглөсөн билээ. 
 
Тэдний бөглөсөн санал асуулгын хуудсыг үндэслэж Зөвлөлдөх зөвлөл зөвлөмж гаргаж, УИХ-д хүргүүлнэ. Мөн зөвлөмжийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулна гэлээ.  
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэ үеэр хэлэхдээ, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал олон жил яригдсан. 30 гаруй хувьд нь өөрчлөлт хийе гэж байгаа. Саяны арга хэмжээнд нийт 250 сая төгрөгийг баталж өгсөн. Хэрэв дутвал Засгийн газрын тусгай сангаас хөрөнгө гаргана гэж тооцсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал зардал бага гарахаар байгаа. Харин тусад нь Ард нийтийн санал асуулгыг явуулбал зардал нэмэгдэнэ. Тиймээс аль болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх Ард нийтийн санал асуулгыг явуулахаар ажиллаж байна” хэмээв.

Б.Туул
相关新闻