Монгол, Хятадын ШУА хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Манай хоёр улсын ШУА-ийн хамтын ажиллагаа 1991 оноос эхэлсэн. Үүний дараа 1999 онд Лу Ян сан Монгол Улсад айлчилж “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулсан. Хамтын ажиллагааны үр дүнд бодитой хөрөнгө оруулалт хийж БНХАУ-ын ШУА-иас Ботаникийн хүрээлэнгийн ургамлын цуглуулга хадгалах 100 мянган сав суулга нийлүүлж байсан. Сүүлийн жилүүдэд Хятадын ШУА-ийн хүрээлэнгийн Геофизикийн хүрээлэнтэй идэвхтэй хамтран ажиллаж байна” гэдгийг хэллээ.
БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Бай Чун Ли халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, манай хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж илүү амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-ын ШУА-ийн зүгээс хоёр орны эрдэмтэд хооронд тал хээрийн судалгаа, БНХАУ-Монгол-ОХУ гурван улсын эдийн засгийн коридорт хамтарсан судалгааны ажил хийх, цөлжилт, хөрсний эвдрэл гэмтлийн нарийвчилсан судалгаа, хими, газарзүйн судалгааг хамтран эхлүүлэх, хүний нөөц боловсон хүчний туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал тавилаа.
Эдгээр саналыг тусган маргааш хоёр улсын ШУА хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулах юм.
Хоёр орон БНМАУ-ын ШУА, Хятадын ШУА хоорондын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай 1991 оны зургадугаар сарын 29-ний өдөр баталгаажуулсан хэлэлцээр болон Монгол Улсын ШУА, Хятадын ШУА-тай 1991, 1999 байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичиг, протоколуудын хүрээнд хамтран ажиллаж байгаа юм.
Айлчлалын хүрээнд БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли маргааш “Хятадын шинжлэх ухаан, технологи, инноваци” сэдвээр Туушин зочид буудалд нээлттэй лекц уншина.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал