Замын эвдрэлийг анхааруулсан тэмдэг байршуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-26 16:42:07
Дундговь/МОНЦАМЭ/ Мандалговиос Улаанбаатар, Даланзадгад руу чиглэсэн автозамд үүссэн эвдрэл хөдөлгөөний аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учруулж байгаа учраас энэ чиглэлд зам засвар арчлалтыг хариуцан ажилладаг “Ялгуусан” ХХК эвдрэлийг анхааруулсан тэмдэг тэмдэглээг зам дээр байршуулж эхэлжээ. Ийм шаардлагыг ч аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид тавьсан байна.
Мандалговь хот Улаанбаатар,  Даланзадгад хоттой хатуу хучилтай авто замаар холбогдсон нь хөгжлийн шинэ боломж бүрдүүлж өгсөн давуу талтай ч тээврийн хэрэгслийн осол аваар олширсон нь авто зам дагаж үүссэн сөрөг үзэгдэл болж байгаа юм. Осол аваарын гол шалтгаан жолооч нарын хурд хэтрүүлэн давхидаг зуршил, дээр нь сүүлийн жилүүдэд замын эвдрэл ихээхэн нөлөөлдөг болжээ.
Замын эвдрэл ялангуяа Мандалговиос Даланзадгад руу чиглэсэн авто замд ихээр үүссэн. Хэсэгчилсэн эвдрэлийг нийлүүлж тооцоход 30 гаруй км үргэлжлэхээр байгаа бол талбайн хэмжээгээр тооцоход 35 мянган кв. метрт хүрсэн байна.
Замын эвдрэлтэйг анхааруулсан 32 тэмдгийг байршуулна гэж “Ялгуусан” ХХК- ийн зам хариуцсан менежер З. Эрдэнэбат хэллээ. Үүний 24- ийг Даланзадгад руу чиглэсэн замд байршуулах юм байна. Цаашид замын эвдрэлийг хэрхэн засах талаар лавлахад, “Нөхөөс тавьж засах ёстой. Гэхдээ замын хучилт ялангуяа Даланзадгад руу чиглэсэн замд тааруу хийгдсэн учраас эвдрэлийг нөхсөн ч тойроод эвдрээд байгаа юм. Тиймээс давхарлаж хучих нь нэг мөр засвар болно” гэлээ. Гэхдээ ингэж хучих хөрөнгө байхгүй. Энэ жилийн хувьд Даланзадгад руу чиглэсэн авто замын засварт 57 сая, Мандалговиос Улаанбаатар руу чиглэсэн замын засварт 129 сая төгрөг төсөвлөжээ.
Тус компани Мандалговиос Улаанбаатар руу чиглэсэн 103 км, Мандалговиос Даланзадгад руу чиглэсэн 154 км замын засвар арчлалтыг хариуцан ажилладаг юм.
 
 
Т. Отгонтуяа
相关新闻