Нэг малын эмчид ногдох малын тоог 50 мянгаар тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-26 16:02:23
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймагт мөрдөх мал эмнэлэгийн үйлчилгээний жишиг үнийг аймгийн ИТХ- аар баталж, нэг малын эмчид ногдох малын тоог 50 мянгаар тогтоож өгөв. Ингэснээр хувийн мал эмнэлэгүүдийн малчдад үзүүлэх үйлчилгээний үнэ тодорхой болж байна. Түүнчлэн нэг малын эмчид ногдох малын норматив тоог тогтоож өгснөөр тухайлбал, 200 мянган малтай сум байлаа гэхэд нэг биш дөрвөн малын эмч ажиллах болж байна. Нэг малын эмчид төвлөрч ирдэг хэт их ачааллыг тэнцүүлэх нь мал эмнэлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нөгөө талаар шинээр сургууль төгсч ирсэн залуу боловсон хүчинд ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрдэж байна гэж ХХАА- н газрын Мал эмнэлэгийн албаны дарга М. Хүүбаян хэллээ.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, малын гоц халдварт өвчний үед малд үзүүлэх мал эмнэлэгийн үйлчилгээг төрөөс санхүүжүүлдэг. Энэ утгаараа мал сүрэг төрийн хамгаалалтад байдаг. Харин халдварт бус өвчин, паразитаас сэргийлэхэд шаардагдах мал эмнэлэгийн үйлчилгээний хөлсийг малчид өөрсдөө  төлөх бөгөөд үйлчилгээний төрөл бүр дээр үнэ тарифыг тогтоож өгсөн байх ёстой ажээ.
2014 онд энэ тарифыг баталсан байна.Жишээлбэл, нэг мал угаахад бог, бодоос шалтгаалан 200- 300 төгрөг гэх мэтээр мал эмнэлэгээс үзүүлэх үйлчилгээний төрөл бүр дээр тариф тогтоон ИТХ- ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан юм байна. Гэхдээ  Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар ИТХ- ын тэргүүлэгчид биш төлөөлөгчид хэлэлцэн энэхүү жишиг үнийг тогтоохоор заасан байдаг бөгөөд энэ дагуу урьд тогтоосон үнийг хүчин төгөлдөр болгохын тулд ийнхүү ИТХ- аар хэлэлцүүлэн батлуулжээ.
 
Т. Отгонтуяа 
 
 
相关新闻