"Alphabet" компани автомат удирдлагатай таксиг туршиж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /TASS/. "Alphabet" холдингийн бүрэлдэхүүнд багтдаг Waymo компани АНУ-ын Аризона муж улсын Финикс хотод туршилтын журмаар өөрийн үйлдвэрлэсэн автомат жолоодлоготой машинаар зорчигчдыг зөөж эхэлжээ. Энэ тухай Waymo-гийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Тус компани туршилтад сайн дураараа оролцохыг нутгийн оршин суугчдад санал болгожээ. Зөөврийн төхөөрөмжийн тусгай аппликэйшний тусламжтайгаар хотын иргэд компьютерын удирдлагатай Waymo автомашиныг дуудаад, түүнийг такси болгон бүтэн өдрийн турш үнэгүй ашиглах боломжтой аж.
Одоогийн байдлаар сайн дурынхныг зөвхөн хэдхэн дүүргийн дотор зөөх боломжтой ба Waymo-гийн мэргэжилтнүүд тэдний санал бодол, шүүмжлэлийг нь хүлээн аваад автомашинаа улам боловсронгуй болгох гэж байгаа аж. Урьдчилан харах боломжгүй зүйл гарч магадгүй гэж үзээд уг таксинд жолооч сууж яваа гэнэ.
Одоогийн байдлаар Waymo-гийн авто баазад Fiat Chrysler компанид үйлдвэрлэсэн зорчигч тээврийн 100 фургон машин байгаа ба тэдгээрийн хэдийг нь Финикс хотод туршиж байгаа нь тодорхойгүй байна. Эдгээр машинууд замын байдал, ойр орчмыг ажиглах мэдрэгч, жолоочийн үүрэг гүйцэтгэдэг компьютераар тоноглогджээ. Үүнээс өмнө Waymo компани автомат жолоодлоготой 500 машин захиалахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдэж байсан юм.
Технологийн олон компани найдвартай, аюулгүй, жолоочгүй автомашин зохион бүтээхээр ажиллаж байна. Тэдгээрийн дотор Volkswagen Group of America, Uber, Mercedes-Benz, Tesla, Nissan, BMW, Honda, Ford зэрэг компаниуд байгаа юм. Америкийн зарим муж улсад ийм төрлийн машиныг аль хэдийн туршаад эхэлжээ.
О.Барс