Шинжааны хүүхдүүдэд шашинтай холбоотой нэр өгөхийг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-26 12:06:24
ӨРӨМЧ. /Sputnik/. Хүн амынх нь ихэнх хувийг лалын шашинтнууд эзэлдэг Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд /ӨЗО/ нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбогдуулан тус оронд шинээр төрсөн хүүхдүүдэд лалын шашинтай холбоотой нэр өгөхийг Хятадын эрх баригчид хориглолоо.

Шинжааны нийслэл Өрөмч хотын албаны хүн хэлэхдээ “хүүхдүүдэд шашны холбогдолтой нэр өгөхийг хориглох тухай мэдэгдэл бидэнд ирсэн” гэжээ.

Энэ анхааруулгыг үл тоомсорлож, хүүхэддээ шашны холбогдолтой нэр өгвөл тухайн хүүхдийг боловрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад үйлчилгээнд хамруулахгүй аж.

Шинжаан бол Хятадын үндэстний цөөнх болох лалын шашинт уйгурчуудын өлгий нутаг юм. Тус ӨЗО-нд 11 сая гаруй уйгур хүн амьдардаг. Шашны холбогдолтой нэр хүүхэддээ өгөхийг хориглосныг “шашин соёлоор шууд ялгаварлан гадуурхсан үйлдэл” гэж уйгурчууд үзэж байна.

Тус ӨЗО-ны 800 мянган төрийн албан хаагчийг шашны холбогдолтой ямар ч арга хэмжээнд оролцохыг хориглосон ба үүнийг зөрчвөл ажлаас нь хална гэж сүрдүүлжээ.

Хэт давруу үзэлд автсан уйгурчууд эмх замбараагүй байдал үүсгэж, халдлага үйлдэж байна гэж Хятадын засгийн газар нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Пакистан болон Афганистантай хиллэдэг Шинжаанд террористууд үүрлэж байна гэж Бээжингийн эрх баригчид болгоомжлон, хяналт шалгалт болон аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж байна.
 
Г.Доржханд

 


相关新闻