Чилид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа 130 гаруй удаа чичиргээ бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБУЭНОС-АЙРЕС. /TASS/. 4 дүгээр сарын 24-нд Чили улсын эрэг орчмын бүс нутгуудад 6,9 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа дахин 130 гаруй удаа чичиргээ бүртгэгджээ. Энэ тухай мягмар гарагт Үндэсний газар хөдлөлт, чичирхийллийн судалгааны төвийн орлогч захирал Марио Пардо мэдэгдлээ.
"Өчигдөр болсон 6,9 баллын хүчтэй газар хөдлөлтөөс хойш 134 удаа чичиргээ доргилт бүртгэгдсэн" гэж тэрбээр хэвлэлийн хурал дээр хэлснийг “24Horas” телевиз дамжуулжээ.
М.Пардо хэлэхдээ "энэ бүс нутагт дахин их хүчтэй газар хөдлөлт болохыг үгүйсгэхгүй, гэхдээ 8 ба түүнээс дээш баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал тун бага” гэлээ.
Газар хөдлөлт, чичирхийллийн судалгааны төвийн мэдээлснээр, 6,9 баллын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь 282 мянган хүн амтай Вальпараисо хотоос баруун зүгт 72 км-ийн зайд, 13,2 км–ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Түүнээс гадна, Аргентины Мендоса, Сан-Хуан, Кордова хотуудад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ.
Газар хөдлөлт болсон даруйд Вальпараисо, О’Хиггинс зэрэг эрэг орчмын районуудад нүүлгэн шилжүүлэх ажиллагааны түгшүүр зарласан байна. Гэвч ердөө хэдхэн минутын дараа Чилийн Тэнгисийн цэргийн хүчний Ус, далай судлалын албанаас "цунами болох аюул байхгүй" гэж мэдээлснээр уг шийдвэрийг цуцалжээ.
О.Барс