Шар хад хэмээх хадан толгойд Зава Дамдины бүтээлгэсэн маанийн дуган бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-21 09:03:09
Дундговь/МОНЦАМЭ/ Дэлгэрийн Чойрын хийдээс холгүй, ердөө ил харагдах баруун хойхно талд Шар хад хэмээх жижгэвтэр хадан толгой байна. Энэ хадан дээр жижиг дуган байх бөгөөд үүнийг маанийн бүтээлд зориулан Зава Дамдин гавж хожим өөрийн дотнын нөхөр болсон Шарав гавжаар бариулсан гэдэг. Шар хад Зава Дамдин гавжийн амьдрал түүхтэй ямар холбоотой газар болохыг Зава Дамдин судлаач, зохиолч Х. Шонхор гуай ийн өгүүлсэн юм.

- Бидний зогсч байгаа энэ газар Зава Дамдин гавжийн намтарт ямар үүх түүх үлдээсэн байдаг вэ?
- Шар хад бол Зава Дамдинтай хамгийн их холбоотой газар. Дэлгэрийн Чойрын хийдэд  амьдарсан хорин жилд Шар хадны бууцандаа өвөлжиж байсан. Бие чилээрхээд нийслэл рүү явахдаа эндээс явсан. Өөрийн бүтээл, орчуулгын олон бүтээл эндээс төрсөн.
Одоо энэ бидний ард байгаа жижиг дуганыг бариулж, өдөр бүр маанийн бүтээл хийдэг байсан.Маанийн бүтээл хийж гаршсан Шарав гавж гэдэг хүнийг Өмнөговийн Өлгийн хийдээс авчирч дуганыг бүтээлгэж байсан.Маанийн бүтээл гэдэг нь зөвхөн маань уншаад суудаггүй, олон янзын ном уншдаг. Гэхдээ ямар ном уншихыг Шарав гавж хэлж өгдөг байсан гэж шавь нар нь ярьдаг байсан юм. Нөгөө талаар энэ баруун уулын зүүн сугаар гүйдэлтэй гэгддэг байж. Гүйдлийг хийдийн гороо руу оруулахгүйн хаалт болгож, Шар хад хэмээх ариун дагшин газрыг хамгаалсан ч гэж ярьдаг байсан. Дуган янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр нурсан байсныг хожим Чойрын хийдийг сэргээх үеэр дахин барьсан юм.
“ Энэрэхүй нигүүлсэхүйн их сургаал”-аа энд бичиж дуусгасан шүү дээ. Энэ сургаалиа бичих болсон шалтгааныг би бас энд сонирхуулъя гэж бодлоо. Зава Дамдин жүдийн дугандаа айлчлаад явж байтал дуганы зүүхэн өмнө байдаг гал тогооны дэргэд айраг тэгнэсэн тэмээтэй нэгэн хүн ирээд айргаа буулгаж л дээ. Тэгээд  тэмээгээ босгох гэтэл босохгүй байхаар нь  толгой руу шавхуурдтал нүдийг нь тэс цохичихож. Үүнийг харсан Зава Дамдин гавж ихэд шаналж, хүмүүст энэрэх нигүүлсэхийн тухайд сургааль хэрэгтэй болсон цаг юм байна гээд бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг. Хийдийн горооны хойд захад ретод хэмээх газар бий. Тэнд “Энэрэхүй нигүүлсэхүйн сургаал”-аа бичиж эхэлсэн. Тэгээд энэ Шар хадны бууцандаа дуусгасан байдаг.

     
-Ерөнхий сайд Амарын жолооч Зава Дамдин гавжийн бие чилээрхүү байхад нийслэлд аваачихаар ирсэн гэдэг. Тэгж явахдаа яг энэ Шар хаднаас явсан болж таарах нь ээ?

-       Тийм. 1937 онд нийслэл рүү явсан шүү дээ. Тэр үед Амар сайдын жолоочоор Зава Дамдин гавжийн эгчийн нь хүүхэд болох улаан Пунцаг гэдэг хүн ажиллаж байсан. Тэгээд гавжийн бие чилээрхээд байхаар нийслэлд аваачихаар ирсэн юм билээ. Явах үедээ Зава Дамдин гороогоо буруу эргэсэн байдаг. Хийдийн лам нар үүнд ихэд харуусч, багш эргэж ирэхгүй нь гэдгийг мэдсэн. Дараа нь шарил нь  ирсэн шүү дээ.
-       Гэр музей байгуулахад гарч ирсэн өнөө жижиг тавагтай бантан энд л үлдсэн байх нь дээ?
-       Тэгсэн.Зава Дамдин махан хоол эсвэл хуурай юм идэж чаддаггүй байсан учраас шавь нар нь бантан хийж өгдөг. Явахын нь урьд бантан хийж өгөхөд аяга хэрийг идээд бантангаа баралгүй үлдээсэн гэдэг. Бантанг гэрт үлдсэн Равзай гэдэг шавь нь хатаагаад хадгалсан юм билээ. Тэгээд түүнийгээ Зава Дамдины дотнын анд нөхөр Шарав гавжид өгч, тэрээр хадганд боож хадгалсаар шавь Гэмпил гуайд өгсөн байдаг. Тэгэхдээ,  хамба багш 2 жарны завсар дээр хийд сэргэнэ. Тэр үед миний гэсэн бүх юмыг гаргаж тавиарай. Энд үлдсэн гэлэнгүүдэд маань шар жанч нөмөргөөрэй гэсэн хэмээн захиж үлдээсэн. 1997 онд Зава Дамдины мэндэлсэний 130 жилийн ойгоор гэр музей байгуулахаар түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг шавь Гэмпил гуайгаас хүлээн авахад жижиг тавагтай бантан, халбага нь хутгаатай гарч ирсэн. Шавь нарынх нь гар дээр 60 жил хадгалагдаад, гэр музейд тавигдсан даа.

Т. Отгонтуяа 
 
相关新闻