Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 78 хувь жирэмсэн үеийн таргалалттай байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-21 05:39:25
Дундговь/МОНЦАМЭ/ Эмэгтэйчүүд жирэмслэхийн өмнө хэвийн жинтэй байсан ч жирэмслэлтийн хугацаанд 12-оос дээш кг-аар илүү жин нэмэх нь элбэг тохиолддог байна. Энэ бол жирэмсэн үеийн таргалалт. Хэдийгээр жирэмсэн үеийн таргалалт эхчүүдийн дунд элбэг байна гэгддэг ч хэр өндөр үзүүлэлттэй байгааг тодорхойлсон судалгаа хараахан байгаагүй бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Төрөх тасгийн ахлах эх баригч А.Алтанчимэг 30 эхийг хамруулан судалгаа хийж үзжээ.
Тэрээр судалгаандаа 2 дугаар сарын 1-21 хүртэл Төрөх тасагт амаржсан эхчүүдийг хамруулсан бөгөөд тэдний 78 хувь нь жирэмсэн үеийн таргалалттай байсан бөгөөд таргалалт үүсэх шалтгааныг асуумжаар тодруулсан байна. Судалгааны асуумжид эхчүүд хариулахдаа гол төлөв явган явахын оронд машин унаа хэрэглэдэг, дасгал хөдөлгөөн хийх орчин нөхцөл байгаагүй, биеэ хянаад их хэвтдэг тухайгаа хэлжээ. Эхчүүдийн хувьд жирэмсэн үеийн таргалалтын талаар ойлголт сайнгүй учраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар төдийлөн мэдэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Эх баригч А.Алтанчимэг энэ судалгаагаа Япон Монголын эх баригчдын нийгэмлэгийн ихэрлүүлэх төслийн хүрээнд явуулсан бөгөөд уг төсөл нь Монгол эхчүүдийн дунд жирэмсэн үеийн таргалалт ямар байгааг тандаж, дүгнэсний эцэст таргалалтаас урьдчилан сэргийлэхийн тулд эхчүүдэд зориулсан ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ гэдгийг тодорхойлох зорилготой ажээ.  
Жирэмсэний таргалалт төрөх үеийн хүндрэл үүсэх эрсдэл бий болгож, урагт ч сөрөг нөлөө үзүүлдэг байна. Жирэмсэн эхийг тогтмол дасгал хөдөлгөөн хийлгэх, зөв хооллолтын зөвлөмж өгч, түүнийг мөрдүүлэх нь таргалалтаас сэргийлэх гол арга болдог ажээ.
 
Т. Отгонтуяа 
 
相关新闻