Далайд гарцгүй орнууд нэгдсэнээр олон улсын худалдаанаас ашиг олох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв, Сидней хотын их сургуультай хамтран зохион байгуулж буй "Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн холбоосыг судлах нь" сэдэвт хамтарсан бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна.
Энэхүү арга хэмжээ нь ДГХБО-ын Олон улсын судалгааны төв болон Сидней хотын Их сургуулийн хооронд 2015 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийж байгаа анхны судалгааны тайлангийн төслийг хэлэлцүүлэх бага хурал юм. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тус бага хурлыг нээж үг хэллээ.
Тэрбээр, “Өнөөдөр дэлхийд далайд гарцгүй, хөгжиж байгаа статустай 32 орон байдаг бөгөөд газарзүйн тааламжгүй нөхцөлөөс үүдэн эдгээр улс орны гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр төрөл цөөн, тээврийн зардал өндөр, дэд бүтцийн хөгжил, өрсөлдөх чадвар сул, хөгжлийн хувьд үндсэндээ хоцрогдсон хэвээр байна.
Иймд нийтлэг бэрхшээлтэй, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хувьд олон улсын түвшинд эрх ашиг, байр сууриа хамгаалах, улс орны хөгжлийн бодлого боловсруулах, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын талаарх Алматын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол тулгуур болох хамтын ажиллагааны судалгааны байгууллагатай байх нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж, Монгол Улс НҮБ-тай хамтран Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах санаачилгыг 2006 онд анх гаргаж байсан. Улмаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус төвийн шавыг тавьж байв.
ДГХБО-ын Олон улсын судалгааны төв үйл ажиллагаагаа эхлүүлэн 2012 оноос үндсэн судалгааны ажилдаа орж, Монгол Улсад төдийгүй Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад чухал ач холбогдол бүхий судалгааг хийж, олны хүртээл болгож байна” гэсний зэрэгцээ өнөөдөр танилцуулах гурван судалгааны тайланд амжилт хүсэв.
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв нь ижил төстэй орнуудад тулгарч буй саад бэрхшээлтэй холбоотой асуудлаар судалгаа гаргах, олон улсад хийсэн судалгаа, мэдээ мэдээлэл, статистикийн тоо баримтыг ашиглах замаар олон улсын худалдаа, түүний дотор Дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс илүү үр ашиг хүртэх, боловсон хүчний чадавхийг сайжруулж, улмаар эдгээр орнуудын хүний хөгжлийг дээшлүүлэн ядуурлыг бууруулах гол зорилготой ажиллаж байна. ОУСТ нь бие дааж болон олон улсын байгууллагууд, хөгжингүй орнуудын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиудтай хамтран Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад ач холбогдолтой хэд хэдэн олон улсын чанартай судалгаануудыг гаргаад буй.
Тус судалгааны төв цаашид Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар далайд гарцгүй 32 орноос 7 орны дэмжлэгийг авсан. Дахин гурван орны дэмжлэгийг авбал уг төв олон улсын байгууллага болох эрх зүйн үндэс нэгдэнэ гэж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ярьлаа.
Уг бага хурал Сидней хотын их сургуулийн судлаач нарын тавьж буй “Олон улсын худалдаа ба уялдаа холбоо”, “Мэдээлэл харилцаа холбооны технологийн холбоос”, “Тээвэр” илтгэлүүдээр үргэлжилж байна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ