УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-20 10:19:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, “Өнөөдөр Ардчиллын алтан хараацай С.Зориг агсаны 55 насны ойн өдөр. Шүүх хурал нь болсон ч захиалагч нь хэн гэдгийг тогтоогоогүй. С.Зориг бол шинэ цагийн үеийг авчирсан баатар. Үүнийг бид бахархан дурсаж байх ёстой. Олон улсын Парламентын холбооноос 40-өөд удаагийн тогтоол гаргасан. Тиймээс одоо энэ асуудлыг манай парламент шийдэх цаг нь болсон" гэсэн саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Оффшор бүсэд байгаа гэх 17 тэрбум ам.долларыг эрх баригчид Монголдоо оруулж ирэх сонирхолгүй байна гэсэн мэдээлэл сошиалаар цацагдаж байна. МАН өрсөлдөгчдөө намнах зэвсэг болгон ашиглаж гэж байна ч гэцгээж байна. Иймд АТГ, Тагнуул, цагдаагийн байгууллагаас яаралтай тайлбар авмаар байна" гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Сүүлийн үед нэг генерал, нөгөө нь сайд байсан хүн телевизээр ярьдаг боллоо. Хэвлэлээр энэ асуудлыг ярьж байхаар хуулийн шугамаар асуудлыг тодруулах шаардлагатай байна” хэмээв.

Эдгээр саналтай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд, "Л.Болд гишүүний гаргасан саналтай холбогдуулж хэлэхэд Тусгай хяналтын дэд хороо С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг эхлээд хуралдаанаар авч хэлэлцэнэ. Үүний дараа байнгын хороо болон чуулганы хуралдаанаар асуудлыг ярилцах шаардлагатай эсэх нь тодорхой болох юм" гэсэн тайлбарыг өгсөн. Мөн М.Оюунчимэг гишүүнийг "Оффшор бүстэй холбоотой асуудлаар Засгийн газарт асуулга тавьж болно. Түүний дараа чуулганаар хэлэлцэх боломжтой" гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул
相关新闻