"Эгшиглэнт говь" наадмыг 29 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-19 19:06:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт яруу найргийн "Эгшиглэнт говь" наадмыг 29 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбараас жил бүр зохион байгуулдаг уг наадамд 20 гаруй яруу найрагч уран бүтээлээрээ өрсөлдсөн байна. Наадамд залуу яруу найраг Ц.Цэнгэлбаяр түрүүлж "Эгшиглэнт говь" цомын эзнээр тодорсон бол яруу найрагч Т.Батхүрэл аман хүзүүлж, яруу найрагч С.Сумъяа удаалаа. Мөн яруу найрагч Ц.Батпүрэв, А.Бүддорж нар тусгай байрт шалгарч, яруу найрагч Б.Баярмөнх, У.Цолмонбаяр нар их шөвөгт тунаж үлджээ.
Энэхүү наамдыг "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн хамт олон ерөнхий ивээн тэтгэж говь нутгийнхаа уран бүтээлчдийн оюуны хөдөлмөрт хувь нэмрээ оруулсан бол ХААН банкны Өмнөговь салбар, "Үйлс" фото студи, аймгийн Цагдаагийн газар, Алтанговь телевиз дэмжигч байгууллагаар уг наадамд оролцож тухайн үеийнхээ түүхийг уран бүтээлдээ бичиглэн үлдээдэг зохиолч яруу найрагчдаа дэмжиж ажилласан байна.
Энэ үеэр Өмнөговь аймгийн утга зохиолын дээд шагнал "Удвалын нэрэмжит шагнал"-аар яруу найрагч Б.Сайнбуян, хүндэт өргөмжлөлөөр тухайн наадмыг тав дахь жилдээ шүүн тунгааж буй Б.Должинсүрэн, хэвлэл мэдээллээр уран бүтээлчдээ сурталчлах, тэдний уран бүтээлийг архивлах ажлыг хийж буй сэтгүүлч С.Сумъяа нарыг шагнасан байна.
Энэ дашрамд сонирхуулахад 1945 онд С.Удвал ахайтан утга зохиолын бүлгэм нэртэйгээр Өмнөговь аймгийн утга зохиолын салбарыг үүсгэн байгуулсан түүхтэй ажээ.
Д.Мишигсүрэн
相关新闻