Ханбогд сум цэвэр усны байгууламжтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-19 18:54:25
Өмнөговь /МОНЦАМЭ/  Өмнөговь аймгийн Ханбогд суманд цэвэр усны байгууламжийг Оюутолгой ХХК байгуулж өглөө. Говийн бүс нутаг тэр дундаа Ханбогд сум усны агууламжийн хувьд зөвшөөрөгдөх хэмжээнээс их гэсэн дүн шинжилгээ гарч байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай цэвэр усны хангамжийн байгууламжийг Оюутолгой ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Заг” групп гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Энэхүү байгууламж нь бүрэн автомат, чанарын лаборатори, гүний худаг, түүхий усны сан, тунгаагуур зэрэг хэсгүүдээс бүрдсэн үйлдвэр юм. Одоогоор 13 мянган хүн амд хүрэлцэх хүчин чадалтай, цаашид 35 мянган хүн амд хүрэх боломжтой аж. Тус сумандаа төдийгүй Монгол Улсдаа анхны гэдгээрээ онцгой ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт боллоо гэдгийг уг байгууламжийн нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид онцолж байлаа. Энэхүү байгууламжийг Хандизель ОНӨААТҮГазар хариуцан ажиллах үүрэг хүлээсэн байна. Ханбогдчуудын хувьд цэвэршүүлсэн ундны усыг өдөр тутамдаа хэрэглэх боломжтой бөгөөд одоогоор төсвийн долоон байгууллага уг байгууламжтай холбогдоод байна. Цаашид албан байгууллагууд ээлж дараатайгаар энэхүү байгууламжтай холбогдох бөгөөд айл өрхүүд ус түгээх цэгээс ундны усандаа цэвэршүүлсэн усыг хэрэглэх боломжтой боллоо.
Д.Мишигсүрэн
相关新闻