Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоож эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-19 08:50:51
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн дөрөвдүгээр сард явуулдаг хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил Дундговь аймагт эхлэв.
Хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох нь энэхүү сорилын гол зорилго болдог бөгөөд 7- 64 насны иргэд хамрагддаг. Дундговь аймгийн хувьд жилд дундажаар 6- 7 мянган иргэн бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшингээ тогтоодог байна. 2010 оноос эхлэн  энэхүү сорилыг явуулдаг болсон бөгөөд тэр үеийнхээс жил тутамд сорил өгөх иргэд өссөн байна. Гэхдээ жингийн илүүдэлтэй хүмүүс 2010 оныхоос 8- 9 хувиар нэмэгдсэн, 45- аас доош насны иргэдийн дунд хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэр гэсэн бие бялдрын хөгжлийн үндсэн үзүүлэлтээ зорилтот түвшинд хүртэл хангалттай гүйцэтгэж чадахгүй байх тохиолдол зонхилдог болсныг ЭМГ- ын хүн амын чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Ц. Загдсүрэн хэллээ. Ялангуяа хүмүүсийн хамгийн хангалтгүй оноо авдаг үзүүлэлт нь биеийн хүчний сорил болдог гэв.
Албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын хувьд ЭМГ- аас гаргасан хуваарийн дагуу очиж  сорилоо өгнө. Харин иргэдийн хувьд Биеийн тамир, спортын газарт очиж бие бялдрын хөгжлийн түвшингээ тогтоолгоно. Энэ зохион байгуулалтаар 5 дугаар 12- ныг хүртэл сорил авах хугацаа үргэлжлэх ажээ.
 
Т. Отгонтуяа
相关新闻