Орон гэргүй иргэдэд гэр өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-18 19:42:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг даргын “Бид хамтдаа”  үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 2017 он гарсаар дөрвөн өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өгсөн байна.
Өрх толгойлсон, ажилгүй орлогогүй олон хүүхэдтэй иргэн эсвэл харж асрах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон гэртэй болгоход анхаарч байгаа юм. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийндээ, хамаатныдаа амьдардаг өөрийн гэсэн орон гэргүй иргэдийг гэртэй болгох асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд энэ жилд 25 өрхийг өргөө цагаан гэртэй болгохоор төлөвлөөд байна.
Мөн иргэдийнхээ амьдарч ажиллах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс өөр аймгаас манай аймагт шилжин ирж ажиллаж байгаа төрийн албан хаагчийг энэхүү хөтбөлбөрт ч  хамруулж байгаа ажээ.
Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс өчигдөр спортын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн боксын багш спортын мастер Д.Баасандорж, Даланзадгад сумын Захирагчийн албаны ажилтан Д.Баяндэлгэр нарт гэр гардуулан өгч амьдралд нь сайн сайхныг хүслээ.

Д.Мишигсүрэн

相关新闻