Орос сургуульд 2 дугаар ангиас монгол хэлний хичээл заана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орос 19-р сургуулийн монгол хүүхдүүд эх хэлээрээ маш муу ярьж байна, монгол хэлний хичээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн эцэг эхчүүдийн саналын дагуу аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан тус сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын дүнд 2017-2018 оны хичээлийн жилээс монгол хэл бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх, 2-р ангиас монгол хэлний хичээлийг долоо хоногт 1 цаг судлах, 5-7-р ангид Монголын уран зохиол хичээлийг долоо хоногт 1 цаг, мөн 7-11-р ангид Монгол бичгийн хичээлийг судлах зэрэг санал дэвшүүлж хэрэгжүүлэхээр боллоо. Цаашид Орос сургуулийн монгол хэл бичгийн сургалтын хөтөлбөр, шалгалтын сэдвийг БСУГ-аас баталж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахаар болов.
Өнөөдрийн байдлаар монгол сурагчид эх хэлээ 6-р ангиасаа эхлэн долоо хоногт 1 цаг, 7-11-р ангидаа долоо хоногт 2 цаг, 6-р ангидаа Монголын түүх хичээлийг долоо хоногт 1 цаг судалж байгаа ажээ.
Орос 19 дүгээр сургууль нь ОХУ-ын Хиагт хотын салбар сургууль бөгөөд хойд хөршийн мэргэжилтнүүдийн хүүхдүүдээс гадна 500 гаруй монгол сурагч суралцдаг юм.
Б.Оюун-Эрдэнэ