Мьянмарт болсон Усны наадмын үеэр 300 орчим хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Мьянмар улс даяар тэмдэглэдэг үндэсний гол баяруудын нэг болох Шинэ жил ирж буйг бэлгэдсэн "Тинжан" усны наадмын үеэр 285 хүн амиа алдаж, мянга гаруй хүн гэмтэж бэртжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, баярын дөрвөн өдрийн хугацаанд аллага, зам тээврийн осол, хар тамхи, хулгай, хүчирхийлэлтэй холбоотой нийтдээ 1200 эрүүгийн хэрэг бүртгэгджээ.
Тинжан баяр нь Нар Загасны ордноос гарч Хонины орд руу шилжих үе буюу 4 дүгээр сарын дундуур болдог байна. Энэхүү баяр нь хэдийгээр хинди шашнаас гаралтай боловч Мьянмарын буддын шашны уламжлалын салшгүй нэг хэсэг юм. Нутгийнхны сүсэг бишрэлээр баярын үеэр ус нь хүний бүхий л нүгэл, өвчин зовлонг нь угаан ариусгаж, баяр хөөр, амжилтыг авчирдаг гэж үздэг байна. Ийм баяр Таиланд, Камбож, Лаос зэрэг хөрш орнуудад болдог ажээ.
О.Барс