"Фейсбүүкийн алуурчин"-ыг 5 муж улсад эрэн сурвалжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-18 10:59:00
ВАШИНГТОН. /BBC/. Нэгэн америк залуу гудамжинд явж байсан өвөөгөө буудан хөнөөж байгаа бичлэгээ “facebook”-т байршуулсан хэрэг гарсан билээ.
 ​
Мөрдөгчдийн үзэж байгаагаар, гэмт этгээд одоо хаана ч байж магадгүй аж. Сэжигтэн болох Стив Стефенс "Facebook" хуудсандаа байршуулсан өөр нэгэн бичлэгтээ өөрийнхөө талаар "13 хүний амь хөнөөсөн бөгөөд дахиад ч хүний амь хөнөөж магадгүй" гэж ярьсан байна. 
 
Хохирогч болох 74 настай Роберт Годвин ням гарагт Охайо муж улсад болсон Улаан өндөгний баярын зоогт оролцоод гэр рүүгээ харьж явах үедээ буудуулан амиа алдсан юм.
 
Энэ гэмт хэргийн бичлэг фэйсбүүкт тавигдан олон цаг болсны дараа олон нийтийн шүүмжлэл шаардлагын дагуу устгагдсан байна.

"Facebook" компанийн олон нийтийн асуудал эрхэлсэн дэд захирал Жастин Ософски хэлэхдээ "хэргийн бичлэг тавигдаад 2 цагийн дараа анхны гомдол бидэнд ирсэн. Бид ийм тохиолдолд илүү шуурхай ажиллах хэрэгтэй гэдгээ мэдэж байна" гэжээ.

Цагдаагийн нар Охайо, Индиана, Мичиган, Нью-Йорк болон Пенсильвани муж улсын иргэдэд хандан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Кливлэнд хотын цагдаагийн газрын цахим хуудсанд тавигдсан мэдээллээр бол, С.Стефенс нь 37 настай 190 см өндөр, 110 кг жинтэй хар арьст хүн юм. 

Кливлэнд хотын цагдаагийн газрын дарга Калвин Виллиамс даваа гарагт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Стефенс галт зэвсэг эзэмших эрхтэй учраас одоо зэвсэгтэй яваа нь тодорхой" гэсэн байна.

Кливлэнд хотын хууль сахиулах байгууллагууд мэдэгдэхдээ "Стефенсийн байгаа газрын талаар мэдээлэл өгсөн хүнийг 50 мянган доллароор шагнана" гэж амласан байна. Сэжигтний гар утасны дуудлагаар түүний хаа явааг тогтооход, тэрбээр хамгийн сүүлд ням гарагийн үдээс хойш Пенсильвани мужийн Эри хотод байжээ.

Х.Сарнай

 
相关新闻