Спиртийг бус спортыг сонгохыг уриалж тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 16:09:32

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын хамт олон “Архидалтгүй- Аз жаргалтай орчинд ажиллаж, амьдарцгаая” аяны хүрээнд “Спиртийг биш спортыг сонгоё” уриан дор хуулийн болон хүчний байгууллагуудын дунд хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа.

Барилдаанд 7 багийн 50 гаруй бөх тойргоор барилдсанаас Улсын начин Б.Сангисүрэнгээр ахлуулсан аймгийн цагдаагийн газрын 1-р баг тэргүүн байр, дэд байранд Цагдаагийн газрын 2-р баг, гутгаар байранд Тахарын алба орсон байна.

Чөлөөт цаг заваа архи, согтууруулах ундаа ууж, баар ресторанд өнгөрүүлэх бус харин спорт зааланд дуртай төрлөөрөө тоглож өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн санааг бусад байгууллагад уриалах үүднээс уг барилдааныг зохион байгуулжээ.

Аймгийн ИТХ, Хууль зүйн хэлтсээс санаачилсан “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр байгууллага, иргэдийн дунд мартагдаж байгааг сэргээн эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн алба хаагчид дээрх аяныг гурван сарын хугацаатай эхлүүлж, хэлэлцүүлэг, сургалт, эссэ бичлэгийн уралдаан зэрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг явуулаад байгаа юм.

Мөн “Архигүй хамт олон уриалга”-ыг гаргаж, байгууллагын удирдлагуудад гардууллаа. Үүнд “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчид өөрсдөөсөө эхэлж, хамт олон, гэр бүлээрээ аливаа тэмдэглэлт ой, баяр ёслол, уулзалт, үдэшлэгийг архигүйгээр тэмдэглэж хэвшин бусаддаа үлгэр дуурайлал үзүүлж, нийгэмд болон өөрийнхөө эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалсан байна.

Аймгийн хэмжээнд 2014 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 26.9 хувь нь авто ослын, 43.1 хувь нь архинаас үүдэн гарч, архинаас шалтгаалсан өвчлөл, нас баралт жил ирэх тусам өсч байгаа нь нийгэмд тулгамдаж буй хамгийн эмзэг, аймшигтай асуудал болоод байгаа аж.

Б.Батчимэг

相关新闻