Орхон аймгийн бэлчээрийн талбайн 80 гаруй хувь нь талхлагдсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-16 18:22:58
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт “Байгаль, цаг уурын эрсдэл даах чадавхтай мал аж ахуйг эрхлэх” нь сэдэвт зөвлөлгөөн боллоо. Уг зөвлөлгөөнийг НҮБ, Хөгжлийн оньсон түлхүүр төв болон Орхон аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж Дархан, Булган, Орхон аймгийн ХХААГ, МЭҮТ-ийн мэргэжилтэн 30 гаруй хүн оролцоо.
Уг сургалтаар мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах, малын чанарыг сайжруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Манай аймаг өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 810 гаруй өрхийн 134 мянган толгой мал тоолуулсан. Хөдөө аж ахуйн салбарын бодлого хариуцсан байгууллагуудын зүгээс малын чанарыг сайжруулах чиглэлээр өндөр ашиг шимтэй үүлдрийн эцэг малыг сонгон нутагшуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг байна.Гэхдээ Орхон аймаг   39.5 мянган га бэлчээрийн талбайтай. Одоогоор үүний 80 гаруй хувь нь талхлагдсан гэж ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга С.Дайриймаа хэллээ.
Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд эрчимжсэн мал аж ахуйг дэмжин хөгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд энэ төрлийн аж ахуй эрхлэгчдийн тоо тогтмол буурч байгаа гэнэ. Энэ нь хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалж буй гэж мэргэжлийн байгууллагууд тайлбарлаж байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон орон нутгийн засаг захиргаанаас  энэ чиглэлээр зээлийн бодлого хэрэгжүүлж байна. 
 
 Б.Оюун-Эрдэнэ
相关新闻