"Юнайтед Эйрлайнз"-тай холбоотой дуулиан шүүхэд хүрч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /VOA/. Агаарын тээврийн "United Airlines" компанийн ажилтнууд нэгэн зорчигчийг онгоцноос хүчээр чирч буулгасан нь нийгмийн сүлжээ нд дуулиан тарьсан билээ. Хохирсон зорчигч тус компанийг шүүхэд өгч, нэхэмжлэл гаргах гэж байна.
Энэ долоо хоногийн эхээр "Юнайтед Эйрлайнз"-ын нисэх онгоцноос хүчээр чирэн буулгасан зорчигчийн эрх ашгийг төлөөлөх өмгөөлөгчийн хэлснээр, уг хэрэг явдлын улмаас зорчигч бэртэл авсан тул агаарын тээврийн компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа ажээ.
Өмгөөлөгч Томас Деметрио мэдэгдэхдээ "агаарын тээврийн компанийнхан зорчигчдыг дэндүү их басамжлан доромжилсон, өөрийнх нь үйлчлүүлэгч болох Дейвид Дао доктор гэмтэл авсны улмаас мэс засал хийлгэх гэж байгаа, тиймээс түүний өмнөөс нэхэмжлэл гаргана" гэжээ.
Дао эмчийн хамар нь хугарсан бөгөөд хоёр шүдийг нь цөм цохисон учраас гоо сайхны мэс засал хийлгэхээс аргагүй болжээ. Түүнчлэн түүний тархи нь хөдөлсөн учраас эмнэлэгт хэвтэж байгаад саяхан гарсан гэдгийг өмгөөлөгч нь дурдлаа.
О.Барс