3411 дугаартай нислэгийн бүх зорчигчдод тасалбарынх нь мөнгийг буцааж өгнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН./BBC/. Агаарын тээврийн “United Airlines” компанийн удирдлага 3411 дугаарт нислэгийн бүх зорчигчдод тасалбарынх нь мөнгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ. Сануулан дурдахад, энэ нислэгийн үеэр суудлаа эзэлчихээд байсан хэд хэдэн зорчигчийг онгоцноос хүчээр чирэн буулгасан нь нийгмийн сүлжээнд дуулиан тарьсан билээ.
4 дүгээр сарын 12-нд “United Airlines”-ын Ерөнхий захирал Муньос уг хэрэг явдал болсонд уучлал гуйсан байна. Ийм зүйл болсон нь ичгэвтэр хэрэг гэж тэрбээр хэлээд “United Airlines” компани цаашид хэзээ ч тасалбартай зорчигчийг хүчээр онгоцноос буулгахгүй гэж амлажээ.
Үүний сацуу О.Муньос огцрох бодолгүй байгаа хэлсэн юм. Өмнө нь интернетэд “United Airlines” компанийн удирдлагыг огцрохыг шаардсан 60 гаруй мянган хүн гарын үсэгтэй өргөх бичиг тавигдсан байна. Ерөнхий захирал хэлэхдээ "намайг “United Airlines” компанийг өөд нь тат гэж энэ албан тушаалд тавьсан. Бид үүнийг хийж байгаа, цаашид ч хийх болно” гэжээ.
Уг хэрэг явдал 4 дүгээр сарын 9-нд “United Airlines”-ийн онгоцны бүхээгт болжээ. Компани хэтэрхий их олон тасалбар зарсан учраас нөхөн олговор өгөх болзолтойгоор хэд хэдэн зорчигчийг онгоцноос буухыг хүсчээ.
Сайн дураараа буух хүн олдоогүй тул компанийн менежер онгоцноос буулгах хүмүүсийг өөрөө сонгосон байна. Буух ёстой болсон хүмүүсийн нэг болох эмч Дэвид Дао "өвчтөнүүд маань намайг хүлээж байгаа болохоор би заавал нисэх ёстой" гэж хэлээд буухаас татгалзжээ. Үүний хариуд, Дао-г хүчээр онгоцноос чирч гулдран буулгасан юм. Энэ балмад үйлдлийг харуулсан дүрс бичлэг интернетэд тавигдан дэлхий даяар цацагдаж, “United Airlines” компани шүүмжлэлийн давалгаанд өртсөөр байна. Уг хэрэг явдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл өөрийн бодлыг илэрхийлж “аймшигтай хэрэг” гэж тодорхойлжээ.
О.Барс