Эсгий шаахайг Ирландын зах зээлд 10 гаруй жил гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-12 19:30:31

Дундговь/МОНЦАМЭ/ Эсгий шаахай үйлдвэрлэж, гадаад зах зээлд гаргадаг жижиг үйлдвэрлэл Өндөршил суманд 10 гаруй жил ажиллаж байна. Жилд 600- 700 гаруй эсгий шаахай урлаж, Ирланд улсын зах зээлд нийлүүлдэг, таван иргэн тогтвортой ажлын байртай болсон энэ үйлдвэрлэлийг Банчин Ойбүрүл Ринбүүчийн дэмжлэгтэйгээр анх үүсч байжээ.

Ирланд улс дахь бурханы шашны Жамбаалин төвийн тэргүүнээр ажилладаг Банчин Ойрбүрүл Ринбүүчийн ивээлийг хүртэж, номын барилдлагатай болсон ард түмэн бол  Өндөршил сумынхан. Банчин Ойрбүрүл Ринбүүчи тус сумын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 2004 онд өөрийн үүсгэн байгуулсан Асралт ТББ-ын салбарыг Өндөршил суманд байгуулсан байна. Түүнээс хойш 13 дахь жилдээ Асралт ТББ-ын дэргэдэх эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтвортой үргэлжилж байгаа юм.

“Бид эсгий шаахайгаа захиалгаар хийдэг. Манай Улаанбаатар хотод байдаг байгууллага нарийн ноост хонины ноосыг будаж боловсруулаад бидэнд явуулдаг. Жилдээ 600- 700 орчим шаахай хийнэ. Олон төрлийн загвараар хийдэггүй. Өнгө, хэмжээ нь өөр боловч загвар ижил. Он гарснаас хойш бид 300 шаахай нийлүүлсэн” гэж тус төрийн бус байгууллагын Өндөршил сум дахь зохицуулагч Э. Жаргалмаа хэллээ.

1995 онд 14- р Далай лам Дүйнхорын ван хүртээх үед Банчин Ойбүрүл Ринбүүчий Монголд ирж байсан. Түүнээс хойш жил бүр саатан морилж, монголын ард түмэнд буян номын ариун үйл бүтээсээр байгаагийн нэг нь Өндөршил сумын ард иргэд болсон юм. Амьдралд нь тустай буяны олон үйлс бүтээсэнд тус сумынхан ч талархалтай явдаг.

Орлогогүй өрхийн хүүхдүүдийг “Халуун хоол” төсөлд хамруулж, ном сурах бичгээр нь ханган сургуульд суралцах нөхцлийг бүрдүүлсэн, багш сурагчдын хүсэлтээр сумын сургуульд англи хэлний танхим байгуулж тохижуулж өгсөн, сумын хүүхдүүдийг Ирланд улсын хүүхдүүдтэй холбож, харилцаа тогтоож байсан, хүн амын ундны усыг цэвэршүүлэх төхөөрөмжийг худагт нь суурилуулж өгсөн гээд энэ сумын ард иргэдийн тусын тулд бүтээсэн олон сайн үйл бий. Тэдгээрийн нэг нь энэхүү эсгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм.

Т. Отгонтуяа 

相关新闻