Сувилагч нар ус орчны эрүүл ахуйн судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Айл өрхүүд ундны усаа зориулалтын саванд нөөцөлж чаддаг эсэх, ариун цэврийн байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, мөн иргэд гар угаах дадлыг хэр зэрэг хэвшүүлж вэ гэдгийг тандан Нэгдсэн эмнэлэгийн Сувилахуйн алба “Ус орчны эрүүл ахуйн судалгаа” явуулжээ.
Энэ судалгаа Мандалговь хотын айл өрхүүдийн орчин ахуйн ариун цэвэр, хог хаягдлын менежментийг сайжруулах,нүхэн жорлонгийн ариутгал хадваргүйтгэлийг тогтмол хийж, эрүүл ахуйн шаардлага хангахуйцаар тохижуулах, цаашлаад жишиг гэр хорооллыг бий болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг харуулсан нөхцөл байдлын үнэлгээ болсон байна.
Судалгааны багийг ахалсан Нэгдсэн эмнэлэгийн Сувилахуйн албаны дарга Ц. Оюун хэлэхдээ, “Энэ оныг Эрүүл мэндийн яам Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдэг эмнэлэгийн эмч ажиллагсадын үүрэг байдаг. Тиймээс нийгмийн эрүүл мэндийг дэмжиж, ард иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд ядаж усны сав нь зориулалтын байвал уснаас үүдэх өвчин, гараа тогтмол угаагаад хэвшчихвэл бохир гараар дамжих өвчлөл буурч, ариун цэврийн байгууламжаа сайжруулчихвал хөрс бохирдуулж, хортон шавьж үржих нөхцлөөс сэргийлж чадна. Энэ талын мэдлэг, эрүүл ахуйн дадал хэвшилтэй болно гэсэн зорилгоор сургалт, судалгааг хослуулж явуулсан” гэлээ.
Судалгааг 2 дахь жилдээ нийт 600 айл өрхийг хамруулан хийсэн байна. Айл өрхүүдийн дийлэнх нь зориулалтын саванд усаа нөөцөлдөггүй, ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах шаардлагатай байгааг судалгааны дүн харуулсан байна.
Гэхдээ энэ жилийн судалгааны дүнг урьд жилийнхтэй харьцуулахад эерэг үзүүлэлтүүд байна. Тодруулбал, судалгаанд хамрагдсан нийт айлын 46 хувь нь л усаа хутгахад зориулсан шанагатай гэж 2016 оны судалгаанд хариулж байсан энэ онд 74.4 хувь, усаа буцалгаж уудаг айл өрхийн тоо гэж 2016 оны судалгаагаар 35 хувь тай байсан бол 2017 онд 86.4 хувь болж тус тус өссөн байна.
Нүхэн жорлондоо үнс, үртэс хийж, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй зан үйлийг хэрэгжүүлж байгаа айл өрх 2016 онд 0.2 хувь байсан бол энэ онд 22.3 хувь, хог хаягдлаа ангилж хаях хандлагатай айл өрх урьд онд 53.1 хувь байсан бол энэ онд 69 хувь бол мөн өссөн. Түүнчлэн өрхийн гишүүд тус бүртээ гарын алчуур хэрэглэдэг айл өрх 2016 онд судалгаанд хамрагдсан айл өрхийн 24 хувийг эзэлж байсан бол 2017 онд 72.6 хувь болсон байна.
Энэ бол судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн хүрээнд гарсан үзүүлэлт. Хэрвээ иргэдэд ус, орчны эрүүл ахуй, зөв дадал хэвшлийг бүрдүүлэхтэй холбоотой сургалт зөвлөмжийг тогтмол өгч байвал ийнхүү эерэг хандлага бий болж байгааг судалгаа харуулжээ.
Т. Отгонтуяа