Өмнөговь аймагт гүзээлзгэнэ тариална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ жил гүзээлзгэнэ тариалахаар болж байна.
Өмнөговь аймаг, БНСУ-ын Кёнсанбүг аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд олон салбарын ажлуудыг төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд газар тариалангийн салбарт томоохон төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Үүнд Өмнөговь аймаг, ХААИС, БНСУ-ын Кёнсанбүг аймаг хамтран "Гүзээлзгэнэ, Сонгинолог ургамал" тарих төслийг ирэх тавдугаар сараас эхлүүлэхээр өнөөдөр аймгийн удирдлагуудтай гурвалсан гэрээг байгууллаа. Төсөл хэрэгжих хугацаанд 1500 мкв хэмжээтэй таван ширхэг гүзээлзгэний хүлэмж байгуулах ажээ. Энэхүү ажлын эхлэл болгож 50 гаруй газар тариалан эрхлэгчдийг гүзээлзгэнэ тарих сургалтанд хамрууллаа.
Мөн Өмнөговь аймгийн ХХААГ-ын нэг мэргэжилтнийг “Зөгийн үүр” хөтөлбөрт хамруулж, БНСУ-д газар тариалангийн чиглэлээр туршлага судлуулж суралцуулахаар боллоо. Цаашид гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлж Өмнөговь аймагт өвлийн хүлэмжийн тариалалтыг хөгжүүлэх юм байна.
Д.Мишигсүрэн