Ширүүн өрсөлдөөний дунд Орос улс сансар судлалын өдөртэй золгож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-12 11:37:32

МОСКВА. /TASS/. Орос улсад сансар судлалын ойн баярыг тэмдэглэж байна. 56 жилийн өмнөх энэ өдөр Юрий Гагарин хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа сансарт ниссэн юм.

Сансар судлалын ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээ Байконур, Восточный сансрын хөлгийн буудлуудад болно. Энэ өдөр “Роскосмос” корпораци, пуужин-сансрын салбарын үйлдвэрийн газруудын удирдлагууд Кремлийн хананд цэцэг өргөх юм. Кремлийн хананд Юрий Гагарин, пуужингийн техникийн ерөнхий зохион бүтээгч Сергей Королев болон пуужин-сансрын салбарын бусад мэргэжилтнүүдийн чандрыг байрлуулсан байдаг. 

2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр энэ өдрийг сансарт хүн ниссэн өдөр болгожээ.

"Россотрудничество" байгууллага энэ өдөр 81 оронд “Манайхан сансарт” олон улсын төслийг зохион байгуулж байгаа юм. Уг төслийн хүрээнд Оросын Соёл шинжлэх ухааны төвүүдийн талбай дээр сансар судлалд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ болно. Тухайлбал, гэрэл зургийн үзэсгэлэн, сансрын нисэгчдийн уулзалт, Юрий Гагарины нэрэмжит “Сансар бол бид. Гагарины хичээл” гэх зэрэг арга хэмжээнүүд байгаа юм.

Түүнээс гадна, 4 дүгээр сарын 10-нд дэлхийдээ эргэн ирсэн Оросын сансрын нисэгчид болох Сергей Рыжиков, Андрей Борисенко нар сансрын нисэгчдийг бэлтгэх төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Одоо Олон улсын сансрын станцад Оросын сансрын нисэгч Олег Новицкий, Америкийн сансрын нисэгч Пегги Уитсон, Европын сансрын нисэгч Том Песке нар ажиллаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд "Роскосмос"-ын хувьд Оросын эсрэг авсан хориг болон АНУ тэргүүтэй өрсөлдөгчид ихээхэн амжилт олж байгаатай холбоотойгоор амаргүй өрсөлдөөнт нөхцөл байдал бий болжээ. Тодруулбал, ОХУ 2025 он хүртэл хэрэгжүүлэх Холбооны сансрын хөтөлбөрийнхөө санхүүжилтийг мэдэгдэхүйцээр танасан бол АНУ олон дахин ашиглах пуужингийн эхний угсраа хэсгийг амжилттай хөөргөж, Оросын “Союз” хөлгийг орлох сансрын хөлгүүдийн туршсаар байгаа юм.

О.Барс

 

 

 

 

相关新闻