Зорчигчийг нисэх онгоцноос чирч буулгасан нь нийгмийн сүлжээнд дуулиан тарилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-11 15:17:37

ЧИКАГО. /BBC/.  Иргэний агаарын тээврийн "United Airlines" компанийн  нисэх онгоцноос нэгэн зорчигчийг хүч хэрэглэн буулгаж буйг харуулсан дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр маш хурдан тархсанаар олон нийтийн зэвүүцлийг хүргэж байна.

Ням гарагийн орой Чикаго хотоос Луисвилл хот руу нисэх гэж байсан онгоцон дотор суудлаа аль хэдийн эзэлчихсэн байсан нэгэн эрэгтэй зорчигчийг суудлаас нь хүч хэрэглэн босгож, хаалга руу чирч гулдран авч явж буйг харуулсан бичлэг олон нийтэд ил болсон юм. Үүний дараа "United Airlines" компани твиттэр хуудсаараа дамжуулан хүлцэл өчиж, болсон явдлыг мөрдөн шалгаж байгаагаа мэдэгджээ.

50 секунд үргэлжлэх уг дүрс бичлэг твиттэрт тавигдсан тэр өдөр 16 мянган хүн энэ бичлэгийн талаар жиргэсэн байна. Бичлэгийг анх түгээсэн Жэйс Д Анспач бичихдээ "United Airlines" компани нислэгийн тийзийг илүү бичсэн тул маргааш өдөр нь ажилтай албаны хүмүүсийг суулгахын тулд бидний дөрвөн хүнийг сайн дураараа онгоцноос буухыг хүссэн. Хэн ч сайн дураараа буухыг хүсээгүй, үүний дараа тэд бидний дундаас сонгож буулгахаар шийдсэн. Тэд ази гаралтай эмчийг эхнэртэй нь буулгахаар сонгосон. Эмч маргааш өдөр нь эмнэлэг дээрээ яаралтай ажилтай байсан учраас сайн дураараа буухаас татгалзсан" гэж жиргэжээ.

Тэрбээр мөн  "10 минутын дараа нүүр нь цусанд будагдсан эмч гүйн орж ирээд суудал руугаа зүтгэж “би гэртээ харих хэрэгтэй байна” гэж учирлан хэлж байсан” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Эмчийг хүчээр буулгах гэж оролдсон хамгаалалтын албаны гурван ажилтны нэгийг нь ажлаас нь халахаар болсон бөгөөд "түүний үйлдлийг манай компани уучлахгүй" гэж "United Airlines"-ийн  Чикаго хот дахь салбарын удирдлага мэдэгджээ. 

Х.Сарнай 

 

 

相关新闻