Францад дүрвэгсдийн хуаран шатаж үгүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /BBC/. Францын хойд нутаг дахь 1500 орчим дүрвэгсэд байрладаг хуаран түймэрт өртөн үнс нурам болжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, афганчууд болон курдуудын хооронд дэгдсэн мөргөлдөөнөөс болж түймэр гарсан байна.
Дункирк боомтын ойролцоо байдаг Гранд-Сент хуаран дахь хооронд нь хэт ойрхон босгосон майхнуудад гал авалцан шатсаны улмаас наад зах нь 10 хүн түлэгдэж бэртжээ.
Ойр ойрхон мөргөлдөөн гарч байгаа учраас тус хуаранг хаана гэж албаны хүмүүс өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.
Их Британид очих гэсэн дүрвэгсэд Францын хойд эрэгт олноор хуарагнан байрладаг ажээ. Францын Хойд бүс нутгийн захирагч Мишель Лаланд хэлэхдээ "үнс нурамнаас өөр юу ч үлдсэнгүй” гэв.
Өнгөрсөн оны 10 дугаар сард тус хуарангаас 40 км-ийн зайд оршдог Кале дахь дүрвэгсдийн хуаранг татан буулгасны дараа Гранд-Сент хуаранд толгой хоргодож буй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.
Уг хуаранд урьд нь хэд хэдэн удаа мөргөлдөөн болж байсан юм. Гал гарч эхэлсний дараа дэгдсэн мөргөлдөөний явцад зургаан хүн хутгалуулж шархадсан байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард нэг хүн хутгалуулж, мөн өнгөрсөн сард таван хүн гэмтэж бэртсэн бөгөөд тухай бүрт нь цагдаа нар мөргөлдөөнийг зогсоож байжээ.
Х.Сарнай