640 гаруй тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт хамрагдаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Энэ жил техникийн хяналтын үзлэгт 8000 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдана. Өнөөдрийн байдлаар 640 гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтад оржээ.
Байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, татвар хураалтыг 6 дугаар сарын 1, техникийн хяналтын үзлэгийг 12 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд зохион байгуулахаар аймгийн Засаг дарга захирамж гаргаж, ажлын хэсгийг томилсон. Автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, албан татвар, төлбөр хураалт болон техникийн хяналтын үзлэгийг нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын 7 хүртэл аймгийн төвд явуулсан бол өнөөдрөөс хөдөөгийн сумдад үргэлжлүүлэхээр Луус суманд эхлэн ажиллаж байна. Нэг сумын төвд 2 өдөр ажиллах бөгөөд энэ хугацаанд хөдөөгийн иргэд амжиж тээврийн хэрэгслээ техникийн үзлэгт оруулан, татвар хураамжаа төлж, даатгалд хамрагдана. Хэрвээ энэ хугацаанд амжихгүй бол аймгийн төвд очих шаардлага тэдэнд тулгарах юм.
Техникийн үзлэгт хамрагдаж байгаа тээврийн хэрэгсэлд насжилт өндөртэй, гадна өнгө үзэмж сайнгүй тээврийн хэрэгсэл олон байгааг Авто тээврийн төвийн Техник хяналтын үзлэгийн инженер Н.Батчулуун хэллээ. Гэхдээ замын хөдөлгөөнд аюул учруулахуйц хэмжээний техникийн саатал илрэх нь харьцангуй бага. Цаашид иргэд аль болох хэт хуучин тээврийн хэрэгсэл худалдаж авахгүй байхыг санахад илүүдэхгүй гэлээ
Албан татвар хураалтын хувьд орлогын 10 орчим хувь төвлөрсөн байна. Авто тээврийн хэрэгслийн албан татвараар орон нутгийн орлогод 220 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр улсын төсөвт 30 сая төгрөг тус тус төвлөрнө.
Т. Отгонтуяа